|

Шүлхийн голомт татарч байна

 

Шүлхийн голомт татарч байнаАрхангай аймгийн Өгийнуур, Хотонт, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Төвшрүүлэх суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан "Шуурхай бүлэг”  Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна.         

Архангай аймгийн Өгийнуур сумаас өнгөрсөн тавдугаар сард Төвшрүүлэх, Хашаат, Цэнхэр суманд малын шилжилт хөдөлгөөн, хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр халдвар тархаж улмаар Хашаат, Цэнхэр сумдаас отор нүүдлээр Батцэнгэл, Өлзийт суманд халдвар тархсан байна.

Өнөөдрийн байдлаар дээрх долоон сумдаас Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Цэнхэр, Хашаат гэсэн зургаан суманд мал амьтны гоц халдварт өвчин хяналтанд орсон, Өгийнуур сумын хорио цээрийн дэглэм өнөөдөр цуцлагдах аж.

Өнөөдрийн байдлаар Батцэнгэл суманд хонь-129, ямаа-хоёр нийт 131, Өлзийтөд 11 үхэр өвчилж устгасан, Хашаат суманд хонь-7, ямаа-1 нийт найман мал өвчилсөн бол Цэнхэр суманд хонь-80, ямаа-62 нийт-142, Төвшрүүлэх суманд 105 үхэр өвчилж 89 үхэр эдгэж бэлчээрт гаргасан баг үлдсэн16 үхрийг тусгаарласан байна.

Хотонт  сумын өвчлөл хяналтанд орсон боловч малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин Төвшрүүлэх сумтай хил залгаа заагт өнгөрсөн зургадугаар сарын 30-нд сэжигтэй дуудлага ирүүлсэн, зохион байгуулахаар МЭЕГ-ийн МЭХ-ийн дарга Б.Цолмон ажиллаж байна.

Вакцинжуулалтыг хамгаалалтын бүс үүсгэн Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Могод, Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Бат-Өлзий, Хужирт сумдад эхлүүлээд байна. Хамгаалалтын бүс нь хилийн зааг нутгаас 20-30 км-ийн зайд татахаар төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар Булган 150 мянга, Өвөрхангай аймагт 72,5 мянга, Архангай аймагт 200 мянган тунг хувиарлан 920 орчим мянган малд тарьж хамгаалалт үүсгэхээр вакцинжуулж байна.

Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн МЭА-нд 75 мянган тун вакцины үлдэгдэлтэй байгаа аж. Мөн Архангай аймгийн зургаан сумыг бүрэн хаасан, 1 сумыг шууд нэвтрүүлэн өнгөрөөхөөр маршрутыг тогтоогоод байна. Өгийнуур суманд хяналтын постонд 35 албан хаагч долоон техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Голомтын болон сэжигтэй бүсийн 120 хот айлын 53800 м3талбайд ариутгал халдваргүйтгэл  хийжээ. Өнгөрсөн зургадугаар сарын 6-нд шүлхий өвчний сүүлийн шинж тэмдэг илэрсэн байна. Нэмж мал өвчлөөгүй, хорио цээрийн дэглэм цуцлах хугацаа өнөөдөр аж.

Голомтын бүсийн малд үзлэг хийх, вакцинжуулах, цагдаагийн хамт өрхийн иргэдийн судалгааг гаргаж голомтоос гарахгүй байх, хөдөлгөөн хориглох нотломжийг үйлдээд байна. Хашаат суманд одоогоор есөн хяналтын постонд 45 албан хаагч, 15 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Тус сумын 145 өрхийн 126421 толгой малыг вакцинжуулсан. Голомтын болон сэжигтэй бүсийн 13791 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл  хийсэн. Энэ сарын 1-ээс хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна.

Төвшрүүлэх суманд 12 хяналтын постонд 83 албан хаагч 22 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд сумын хэмжээнд вакцинжуулалт нийт 135000 мянган тун вакцин олгогдсоноос энэ сарын 1-ний байдлаар үхэр 7273, хонь 61898, ямаа 44265, нийт 303 өрхийн 113436 толгой малд134941 мянган тун вакциныг хийсэн байна.

Голомтын болон сэжигтэй бүсийн 29200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл  хийж  33500 малд угаалга хийжээ. Өнгөрсөн зургадугаар сарын 8-аас хойш нэмж мал өвчилсан тухай дуудлага ирээгүй аж.  

Цэнхэр суманд хяналтын есөн постонд нийт 117 албан хаагч 33 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Зургадугаар сарын 25-аас хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй гэнэ. Батцэнгэл суманд хяналтын гурван постонд 47 албан хаагч, найман техник хэрэгсэлтэй ажиллаж буй.

Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд шүлхий өвчний сүүлийн шинж тэмдэг илэрсэн. Голомтын болон сэжигтэй бүсийн 37 өрхийн 3415 малыг угаалгад хамруулж 47562 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл  хийв.

Мөн тус өдрөөс хойш нэмж мал өвчилсан тухай дуудлага ирээгүй аж. Өлзийт суманд Хяналтын таван пост, ариутгалын нэг цэг 22 албан хаагч, хоёр техник хэрэгсэл ажиллаж байна.

Өвчилсөн 11 үхрийг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Өнгөрсөн зургадугаар сарын 30-аас хойш мал өвчилсан тухай дуудлага ирээгүй, нэмж мал өвчлөөгүй байна.


4 сэтгэгдэл