|

ХҮНИЙ НУТАГТ ХАР, БОР БООЛЫН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫН БОДИТ ҮНЭН

ХҮНИЙ НУТАГТ ХАР, БОР БООЛЫН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫН БОДИТ ҮНЭН

 

Амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд ахиу цалинтай ажил хийхээр монголчууд маань гадныг тэр дундаа БНСУ руу олноор гарч байна.

Энэ улс руу гарч сарын 3 сая 500 мянгаас дээш цалинтай ажил хийхийн тулд үхэн хатан зүтгэж байна. Гэвч ганц бие болоод хөдөлмөрийн чадвар, эдийн засаг нь муу хүмүүс гарч чадахгүй байна. Гарсан хэсэг нь бусдыгаа хохироож тус улсад харлаад байгаа учраас холбогдох газрууд Элчин сайдын яамнаас нь чангалж эхэлсэн. Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болоод байна. Аргаа барсандаа ийм явцгүй үйлдэл хийгээд эцэстээ шийтгүүлэх гэж дээ. 

Тиймээс виз мэдүүлсэн 10 хүн тутмын 9 нь татгалзсан хариу авч байгааг хэдхэн хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурлаар БНСУ-ын Элчингийн холбогдох хүмүүс нь үгүйсгээгүй юм.

Монголчууд харьд гараад хамгийн сайхан ажлыг нь хийдэг гэж бодож байна уу, үгүй шүү дээ. Хамгийн муу муухай боолын ажлыг нь цаг наргүй зүтгэж, хөдөлмөрлөж хийж байна. Ингэж ажилласны эцэст хэдэн төгрөг хураах ч эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их бий. Хүнд нөхцөлд хортой ажил хийж, цалин өндөр авна гэсэн ойлголт бол бичигдээгүй хууль. Ийм ажил хийхээр зүтгэж байгаа монголчуудын зөв ч нөгөө талдаа Монголынхоо төр засаг, нийгэмд үнэхээр гутрах гомдох юм.

Гуравхан сая гаруй иргэнийг ядуу гуйлгачингийн амьдралаар амьдруулж, харьд бусдын боол болгож байна гэдэг үнэхээр гайхамшиг ч нөгөө талаар эмгэнэл юмаа.  Хэлэх ч үгүй олдохгүй, хийх ч ажил байхгүй ядуусаар ажилгүйчүүдээр дүүрсэн энэ нийгмийг яалтай билээ дээ.

Сүүлийн үед эрүүл мэндийн болон боловсролын салбарынхан цалингаа нэмүүлэхээр суулт хийгээд 9 хонолоо. Сувилагчийн цалин багшийн цалин амьдралын хаана ч хүрэхгүй болохоор Солонгос руу гараад харласан өчнөөн төрийн алба хаагч бий. 200 гаруй багш гараад харласан гэх мэдээлэл байгаа.

Амьдралын эрхэнд, аргагүй байдалд ороод явсан тэд. Тиймээс тэднийг буруутгах эрх байхгүй. Хэдий аялалын визээр гарсан ч аагаа багтаасан зугаа цэнгэл хөөцөлдөж явсан хүмүүс биш юм шүү тэд.

 
Багш, эмч нараараа хүний нутагт аяга угаалгаж хог цэвэрлүүлж, мэргэжлийг нь зэврүүлж байгаа төр засгийн буруу
 

Өчигдөр гэхэд цахим сүлжээнд Одноо од гэсэнхаягтай иргэн "Солонгос сонгины аагинд урссан монгол нулимс” гэх постыг төр удирдаж байгаа эрхэм түшээдэд хаяглажээ.

Тэрбээр "Эрхэм түшээд минь
Нийгмийг тэргүүлэх салбар болсон боловсрол ,эрүүл мэндийн байгууллагын цалинг жагсаал цуглаан гэлтгүйгээр хангалттай нэмээд эх орондоо ихийг хийж элэг бүтэн амьдрах боломж бололцоо орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч ээ.
Өнөөдөр бидний дундаж цалин 500 нэг литр сүү 2.700 Тэгвэл Солонгос улсад нэг багшийн дундаж цалин 5 сая=7 сая 1 литр сүү 2.700 . Иймээс авдаг цалин ажлын дарамтаасаа зугтан олон олон дадлага туршлагатай багш эмч нар чинь хүний нутагт хүйтэн шалан дээр ажлын хүндийг хийж гишгэх газаргүй уйлах тавилангүй амьдарч байна.

Алтан гарт эмч алдарт мэргэн багш нараараа хүний нутагт аяга угаалгаж хог цэвэрлүүлж эзэмшсэн мэргэжлийг нь зэврүүлж эх орноо мартахад хүргэж байгаа нь төр засаг та бүхний буруу .Бид хүний харцаар хөдлөх биш эх орондоо эрдэм мэдлэгтэй иргэн эрүүл чийрэг хүнийг бэлтгэж сэтгэл дүүрэн амьдармаар бна.Эсвэл багш эмч нараа бид өөрсдийнхөө төлөө тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгож эцсээ хүртэл тэмцье.Тоотой хэдэн төгрөг тоймгүй их цаасанд дарагдаж өр зээлэнд баригдаж өвдөх ч эрхгүй ингэж амьдрахаас залхаж бгаа биз дээ. 

Гэр бүл салалт. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн чинь хичнээн хувь гэр бүл салсан байгааг судлаж үзсэн үү. 10 хүний 5 буюу 50 хувь гэр бүлээсээ салсан байна. Улс орны суурь, тулгуур бол гэр бүл. Монгол гэр бүлээ бат бэх байлгах төрийн цогц бодлого энэ эх оронд чинь алга. Хичнээн олон хүүхэд эцэг эсвэл эхээ санагалзан нулимстай нүдтэй элэг нь бэтгэрээд ирээдүйд итгэх итгэлээ алдчихсан энэлэн шаналж буйг би хэлж мэдэхгүй юм. Монгол оронд монгол хүн болж төрсөн бидний буруу гэж үү.

-Эх орноо жаахан ч гэсэн хөгжүүлээч ээ. Өвөл нь хоолой хорсгосон утаа зун нь нүд улайлгасан шороо. Харласан баргар царайлсан хүмүүс хаа сайгүй хог шороо.  Яачихсан эх орон ямар гээчийн удирдан жолоодогч вэ.
Чадалтай чансаатай хүсэл тэмүүлэлтэй хүн болгон чинь энэ эх орноос чинь зугтан дайжихад хүрээд байна. Монгол эрчүүд минь дээ.

-Эр хүн шиг эр хүн байгаач дээ. Наад хөгийн архи, тамхинаасаа салаачээ. Гэр бүл салсан эмэгтэйчүүдийн ихэнх архинаас залхсан байна. Нөхөр нь архинаас хараат болж арчаагаа алдсан болохоор салсан зугтсан гэх мэт. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийн ухаараач . Хажуудах хань үр хүүхдээ хайрлаач ээ. Таны хамгийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. 

-Эрчүүд минь үүрэх ёстой ачаагаа үүрч сураа. Эхнэр хүний ухаан заруулж амьдрах чинь сул дорой эрчүүдийн шинж . Эр хүн бол гэр бүлээ тэжээх тэтгэх хайрлах хамгаалах ёстой үүрэгтэй . 

-Эхнэрээ хайрла. Жаахан романтик байлдаа. Монгол эрчүүд гэхээрээ л гүндүүгүй гээд л мэдрэмжгүй байх ёстой юм уу . Эд баялагаар эхнэрээ баярлуулж чадахгүй бол үгэн бэлгээр баярлуулж яагаад болохгүй гэж . Жишээ нь нар сар минь миний үзэсгэлэн гоо минь, амь амьдрал минь, хайрын бурхан миньгэж ч сайхан дуудсан болно. Ганц мянга таван зуугийн гал улаан сарнай бариад хаалгаа зөөлөн тогшил доо. Эсвэл эхнэрээ ороод ирэхэд ганц сарнайн дэлбээг газраар цацаад гишгүүл. Бөөн баяр болох байх Би ч гишгэж үзээгүй дээ. Ойр хамт байгаа нь орж ирэхдээ гарч явахдаа үнсээд л хол байгаа нь ингээд л.

Гадны эрчүүд 70, 80 хүрсэн ч гараасаа хөтлөлцөөд л алхаж байна шүү дээ. Хүний нутагт зовлогоо зовоож жаахан биенээсээ ахадсан ачаа үүрээд өвдсөн ч өвдөөгүй царай гарган ядарч унатлаа зүтгэж байгаа эхнэрээ харын муу үгээр харлуулж нус нулимстай нь холиж байгаа мунхаг эрчүүдийг зөндөө харлаа. Эрчүүд минь ээ алсын хараатай ноён нуруутай үүрэх ачаагаа үүрээд амьдралд хариуцлагатай бай. Эмэгтэйчүүд бид өчүүхэн зүйлд баярлаж өчүүхэн зүйлд гомддог юм шүү дээ

Эмэгтэйчүүд минь дээ

-Өөртөө хайртай бай л даа. Өөрөө өөрийгөө амьдралын гол дүр болгохоо боль. Бибайхгүй бол энэ айл энэ амьдрал сүйрээ нтр гээд өөрөө өөртөө бүх ачааг үүрүүлээд илжиг шиг зүтгэхээ болио. Бидэнтэй бидэнгүй энэ айлын амьдрал өрнөсөөр л байх болно.

Өөрийгөө хайрладаггүй эмэгтэйг өөр хэн ч хайрлахгүй. Бүх зүйл буруугаар эргэсний дараа өөрөө өөрийгөө буруутан гэдгээ мэдрэх хамгийн аймшигтай. 

-Амьдралаа сайн сайхан байлгая гэвэл хамгийн хамгийн үнэт зүйлдээ л цагаа зориул. Өөрийн гэсэн Хоббитой бол
-Сайхан цэнэг авдаг хэрэгтэй цөөхөн найзтай байх. Хэрэггүй мэдэвч хэлдэггүй асуувч хариулдаггүй чадавч тусалдаггүй найзыг зүгээр л орхи.
-Болж бүтэхгүй муу муухай бүхний төлөө тэмцдэг нэгддэг байя аа. Муу муухайтай бүү эвлэр. Ийм нийгэм ийм улс оронд амьдарч байгаадаа гутарчихлаа. Баяртай Сөүл минь Байдал дээрдэхгүй бол буцаж ирээд сонгинотой хамт уйлах байх даа” гэж бичжээ.
  
Үнэхээр бодит үнэнийг бичсэн байна. Гэр бүл салах тохиолдол элбэг байдаг, эрүүл мэндээрээ хохирч байна. Хүүхдүүд нь хагас өнчин амьдралд итгэх итгэлгүй өсч байгаа нь үнэхээр харамсалтай юм шүү. Тиймээс энэ захидлыг мэлмий нь нээлттэй чих нь онгорхой төрийн түшээд, салбар сайдууд нь олж харж нэгийг бодож нөгөөг тунгаана гэдэгт итгэж байна.
  
О.Сайхан

2 сэтгэгдэл