|

ХҮҮХДЭЭ МЭДЛЭГТЭЙ, МЭДЭЭЛЛИЙН ДАРХЛААТАЙ БОЛГОЁ

ХҮҮХДЭЭ МЭДЛЭГТЭЙ, МЭДЭЭЛЛИЙН ДАРХЛААТАЙ БОЛГОЁ

 

Цахим орчны зохистой хэрэглээ бидэнд ихийг мэдэх боломж олгодог ч сөрөг зүйл байнга дагуулж байдаг. Сүүлийн гурван жилд гарсан цахим гэмт хэрэгтэй холбоотой хэргийн судалгааг холбогдох газруудаас хийжээ.

Тэртээ 1980-аад оны үеэр хүүхдүүд хоёрхон төрлийн гэмт хэрэгт холбогддог байв. Тодруулбал, зодоон танхай, хулгайн хэрэгт холбогддог байжээ.
Одоо бол хүүхэд Эрүүгийн хуулинд заасан 32 хэрэгт холбогдсон судалгааг гаргасан байгаа юм. Тухайлбал, хүүхэд хэт задгай мэдээллийг авснаар ямар нэгэн гэмт хэргийг хийж үзэх сэдэл төрдөг байна. Хүүхэд хүчиндэх гэмт хэргийг ч үйлдсэн байх жишээний. Мөн ямар нэгэн байдлаар бусдыг залилан мэхэлж, эд зүйлсийг нь авсан байх. Гэвч хүүхэд залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж байгаагүй гэдэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр нөгөө л мэдээллийн эрин зуунд, зах замбараагүй ил тод, элдэв бараан, цагаан мэдээлэл хүлээж авах, хүрээлэн буй орчноос сурч, олж авч байна.
 
Эндээс харахад хүмүүжлийн хэм хэмжээ алдагдсан юм болов уу. Тиймээс хүүхдээ зөв хүмүүжилтэй, мэдлэгтэй боловсролтой болгохын тулд эерэг мэдээллийг нь хүлээж авч сөргийг нь өнгөрөөж сурах чадвартай, аливаа нэгэн мэдээллийг ялгаж салгаж чаддаг байх ДАРХЛААТАЙ болгоё. Таны хүүхэд ямар мэдээлэлээс татгалзаж чадаж байна. Ямар мэдээллийг ойлгож хүлээж авч амьдралдаа мөрдлөг дадал хэвшил болгож байна вэ гэдгийг гэр бүлийнхэн нь хянах боломжтой юмаа. Мэдээж эцэг эхээс гадна сурган хүмүүжүүлэгч багш нь их үүрэгтэй.

Хүүхэд хоёр настайгаасаа эхлэн боловсролын байгууллагын хаалгыг анхлан давж, 22 настайдаа хаалгаар нь буцаж гардаг. Энэ хугацаанд суурь, бага, дунд, ерөнхий их, дээд гэсэн боловсролыг эзэмшдэг. Багш нар хүүхдэдээ заахаас илүүтэй хэрхэн яаж зөв, сайн хүн болох вэ гэдгийг тусгайлан заадаг байх хэрэгтэй.

Цахим хэрэглээг соёлтой болгох зорилготой тоглоом хийж байна
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас цахим орчин дахь аюулгүй байдлын талаар урьдчилан сэргийлэх ажлыг анхаарч хийх чиг үүрэгтэй төрийн байгууллага. Цахим хэрэглээг хүүхдэд зөв хэрэглээ болгох талаас нь ажилладаг. Энэ ч утгаараа НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарч өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой Life Hack гэсэн нэртэй тоглоом хийж байгаа аж.
Энэ төсөл нь залуучууд, хүүхдийн өмнө ямар асуудал тулгамддаг вэ гэдгийг судалж, өсвөр үеийнхэнд зөв мэдээлэл өгөх зорилготой. Энэ нь нэг талаараа цахим хэрэглэгээг соёлтой болгох талаар ажиллаж байна гэсэн үг. Ирэх аравдугаар сарын 01 гэхэд нээлтээ хийх бөгөөд тоглоомын зарчим нь үе давдаг.
Өөрийнхөө дүрийг бүтээж тоглоно. Тэгээд дүрээрээ үе давах буюу өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудлыг тоглоомоор дамжуулж хүргэх юм байна. Өөрөөр хэлбэл, тоглохын хажуугаар юуг хийж болохгүй, юуг хийж болох юм байна гэдгийг мэдэх юм. Ингэснээр аливаа мэдээлэл цензуртай, бодит үнэн зөв мэдээлэлийг олж авна. Хүүхдийн цахим аюулгүй байдалд хэн хяналт тавих вэ гэхээр гэр бүлийнхэн нь. Хүүхдийнхээ нэр хүнд, амь нас, эрүүл мэндийг эцэг эхчүүд нь хамгаалах үүрэгтэй.
 
3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэдэг
 
Хүүхдүүд цахим халдлагад өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай. Хүүхдийг цахим орчинд гүтгэх, доромжлох, садар самуунд уруу татах, сөрөг коммент бичихэд уриалах сөрөг үр дагавартай. Дэлхийн улс орнуудад таван хүүхэд тутмын нэг нь цахим халдлагад өртөх эрсдэл байгааг олон улсын судалгааны байгууллагууд тогтоожээ. Сүүлийн таван жилийн хугацаанд цахим халдлагатай холбоотой 1200 гаруй хэрэг гарчээ. Хохирол нь хоёр орчим тэрбум төгрөг гэсэн албан бус мэдээ байгаа аж. Манайд өсвөр насны 3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэдэг гэх.  Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47% нь 2 ба түүнээс дээш хаягтай, 46.4% нь админ эрхтэй байгаагийн 37.3% сөрөг сэтгэгдэл бичдэгээс 17 % нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан нь судалгаагаар тогтоогдсон байна.
 
Олон нийтийн сүлжээнд нууцаа бүү дэлгэ 
 
Дэлхий нийтэд ухаалаг утсыг 13 наснаас дээш хэрэглэх, харин олон нийтийн сүлжээг 15 наснаас дээш насныхан хэрэглэнэ гэсэн цензур тавьсан байдаг. Цахим орчинд хэт удаан байх нь маш их ядрааж, зөв сэтгэн бодох чадварыг гэмтээх аюултай шүү. Мөн хичээл сургуульд чинь муу нөлөөтэй тул цахим орчинтой хоёр цаг найзлахад хангалттай.
Түүнчлэн олон нийтийн сүлжээнд нууцаа бүү дэлгэ. Хүүхдүүд сэтгэлийн хөөрлөөр элдэв зүйл их бичиж оруулдаг. Тиймээс ямар нэг зүйлийг тавихдаа урьдчилан бод, ухаарч тунгаа. 10 хүүхэд тутмын 7 нь нүүр номондоо өдөрт 10 дээш пост оруулдаг гэсэн судалгаа бий. Сэтгэлийн хөөрлөөр ханддаг гэхүү дээ. Нууцтай холбоотой зүйлээ байршуулахад хэзээ нэгэн цагт задардаг. Хүүхдүүд цахим сүлжээг хэрэглээ гэдэг талаас нь сайн ойлгодоггүй, харин ч эрх чөлөө гэж андуураад байх шиг. Өөрийн тань нууцыг хадгаладаг "сав” биш юмаа. Нөгөө талаар элдэв эрсдэл үүсгэх аюултай эд юм шүү.
Нүүр номондоо та юуг хориглох вэ? 
Гэрийн хаяг, гэрийнхнээ овог нэр, аав ээжийнхээ ажлын газар, утасны дугаар, банкны ба картын мэдээлэлээ хуваалцаж болохгүй. Цахим болзооноос татгалз, үл таних этгээдийг найзаараа бүү бүртгэж ав, цахим орчинд бусдыгаа хүндэл, аюулгүй байдлаа хангах үүднээс нууцлалаа байнга шалгаж байх, элдэв чат руу хандалт хийхгүй байх зэргийг хамгийн түрүүнд анхаарах зүйтэй шүү.

Хүүхэд цахим төрлийн сүлжээн дэх гэмт хэрэгт холбогдлоо гэхэд хамгийн түрүүнд эцэг эх, багш, сургуулийн нийгмийн ажилтандаа, сэтгэлзүйчид хандах ёстой. Мөн хүүхдийн 108 утсанд дуудлага өгөх боломжтой. Интернэтэд байгаа мэдээлэл бүр үнэн зөв биш гэдгийг сана. Эргэлзээтэй санагдсан зүйлээ хүүхэдтэйгээ ярилцаж, асууж лавлаарай.

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сошиал медиа хэмээх зах замбараагүй орон зайд таны хүүхэд хаана нь хэнтэй хөл нийлүүлэн алхаж явааг, эрсдэлд орчих вий, орохгүй байх боломж зэрэг бүх асуудал томчууд бидний толгой, гарт бий шүү.

Хүүхдүүдээ нялхаас нь зөв хүмүүжилтэй, зөв суурь мэдлэгтэй болгоё. Амьдралыг таних, амтлах, арга ухааныг нь зааж өгөхөөс гадна, мэдээллийн тэнцвэртэй байдал талаас мэдлэг, мэдээллийн дархлаатай болгосон цагт таны хүүхэд өөрийгөө болон өрөөлийг ч хамгаалж чадна.  

О.Сайхан
Оллоо.mn 

1 сэтгэгдэл