|

Эрхээ урвуулан ашиглаж байна хэмээн АНУ-ыг буруутгажээ

Эрхээ урвуулан ашиглаж байна хэмээн АНУ-ыг буруутгажээ

 

Оросын дипломатуудыг, түүний дотор ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын ажилтнуудыг улс орноосоо гарч явахыг шаардаж байгаа талаар ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгдэхдээ "НҮБ-ын төв байр байрладаг улсын хувьд АНУ эрхээ урвуулан ашиглаж байна” гэжээ.
 
"ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын ажилтнууд НҮБ-д итгэмжлэгдсэн бөгөөд гагцхүү олон улсын байгууллагын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс билээ. АНУ-ын нутаг дэвсгэр дэх байнгын төлөөлөгчийн газруудын ажилтнуудын статусыг зохицуулах үндсэн баримт бичиг нь НҮБ-ын эрх ямба, дархан эрхийн тухай 1946 онд байгуулсан конвенц, түүнчлэн НҮБ болон АНУ-ын хооронд 1947 онд байгуулсан  НҮБ-ын төв байрны тухай хэлэлцээр юм. Иймд Оросын дипломатчдыг улс орноосоо гарч явахыг шаардах, түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад виз олгохгүй байх зэрэг бусад тааламжгүй алхмыг авч хэрэгжүүлж байгааг АНУ НҮБ-ын төв байр байрладаг улсын эрх үүргээ урвуулан ашиглаж байна гэж дүгнэж болох юм” хэмээн Небензя ярьсан байна  

АНУ болон НҮБ хооронд 1947 оны зургадугаар сарын 26-нд байгуулсан хэлэлцээрээр "НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид болон албан тушаалтнууд, гэр бүлийнхнийг нь НҮБ-ын төв байр байрладаг дүүрэг рүү нэвтрэн орох болон гарахад АНУ-ын холбооны болон орон нутгийн эрх баригчид, түүнчлэн мужийн эрх баригчид ямар ч саад учруулах ёсгүй байдаг юм".

Энэ сарын эхээр Их Британид Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсан хэрэгтэй холбоотойгоор АНУ, Канад болон Норвеги, Украин зэрэг Европын Холбооны 20 гаруй гишүүн улс Оросын дипломатчдыг нутаг буцаах шийдвэр гаргаад байна. Тухайлбал АНУ оросын 48 дипломатч болон ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын 12 ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргаснаа зарлаж, Сиэтл хот дахь Оросын Консулын газрыг хаахаар болсон байна.


 

10 сэтгэгдэл