|

Ш.Раднаасэд: Голын ай, савд олборлолт хийхийг хориглоно

Ш.Раднаасэд: Голын ай, савд олборлолт хийхийг хориглоно

 

Т.САЙХАН

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Туул голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нарын гишүүд оролцов.   Туул голын сав газар түүний ойр орчимд элс хайрга олборлож байсан 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тэгвэл одоо элс, хайрга, шавар олборлох эрхтэй 54 лиценз, хайгуулын 74 лиценз байгаа юм байна.  Байнгын хорооны гишүүд Туул голоос хайрга, дайрга олборлож байгаа бол хөдөө орон нутагт гол уснаас алт олборлож байна. Тиймээс голын ай сав дагасан олборлолтын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх ёстой гэж байлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Орчны бохирдол, Туул голын бохирдол, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах тухай асуудал бол ганцхан Өргөдлийн байнгын хорооны асуудал биш. Үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодтой хамтарч хэлэлцэх хэрэгтэй гэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуульд өөрчлөлт оруулаад голын ай сав газарт олборлолт хийхийг хориглох хэрэгтэй байна. Энэ төрлийн ашиглаж байгаа лицензээ өөр газарт олгох, нөхөн төлбөр олгох байдлаар зохицуулах боломжтой гэж харж байна. Голын ай сав газарт олборлолт хийхийг хуулиар хааж өгөхгүй бол энэ асуудал зогсохгүй. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг харахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэх мэт байгууллага бүр өөр өөр юм бичээд оруулаад иржээ. Энэ бүхнээ нэгтгээд, санал онолоо яриад, уялдаа холбоотой ажиллаж болдоггүй юм уу. Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад ямар ч үр дүнгүй сууж байна” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

38 сэтгэгдэл