|

ПЁНЧАН ДОМОГ БОЛОН ҮЛДЭЖ, БЭЭЖИН МӨРӨӨДӨЛ АЙСУЙ

ПЁНЧАН ДОМОГ БОЛОН ҮЛДЭЖ, БЭЭЖИН МӨРӨӨДӨЛ АЙСУЙ

 

-Энэ удаагийн олимп Норвегийнх боллоо-


Өмнөд Солонгосын Пёнчан хотын Хвэнг цэцэрлэгт хүрээлэн, Альпензия амралтын газарт өчигдөр өвлийн XXIII их наадмын хаалтын ёслолын ажиллагаа боллоо. Энэ сарын 9-нөөс 25-ныг дуустал үргэлжилсэн тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 2.5 мянга гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, 102 цогц медалийн төлөө өрсөлдөцгөөсөн юм.
 
Тус наадамд хамгийн олон медалийг хүртсэн багаар Норвегийн тамирчид нэрлэгдэж байна. Тус улсын шигшээ 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл, нийт 39 медаль хүртэж, өвлийн наадмын түүхэнд дээд амжилт тогтоолоо. Харин хоёрдугаар байрт  14 алт, 10 мөнгө, 7 хүрлээр Германы тамирчид, гуравдугаарт 11 алт, 8 мөнгө, 10 хүрэл медальтайгаар Канадууд бичигджээ.



Манай хойд хөрш Оросын шигшээ баг энэ наадамд Олимпийн далбаан дор оролцсон. Гэсэн ч 2 алт, 6 мөнгө, 9 мөнгө, нийт 17 мепальтайгаар 13 дугаар байрт багтжээ. Оросын хоккейчдоос гадна уран гулгагч Алина Загитова Оросын шигшээ багг нэг алт авч ирсэн билээ.



Өдгөө 15 настай тамирчин дэлхийн дээд амжилт тогтоосон Евгения Медведевагийн амжилтыг 15-хан минутын дотор эвдэж, Олимпийн түүхэнд эмэгтэйчүүдийн ганцаарчилан уран гулгалтын төрөлд хамгийн залуу аварга болсон юм.



Эмэгтэйчүүдийн 30 км-ийн сонгодог стилийн цанын уралдаанаар Өмнөд Солонгост болж буй Олимпийн наадмын тэмцээний хөтөлбөр дуусгавар болсон. Уг уралдаанд Норвегийн тамирчин Марит Бьорген түрүүлснээр наадмын хамгийн отгон алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 1:22.17,6 цагаар түрүүлсэн бол хоёрдугаар байрт Финляндын цаначин Криста-Пармакоски(1.49,5 минутаар) орж мөнгөн медаль, хүрэл медалийг Шведийн тамирчин Стина Нильссон (1.58,9 минутаар) нар хүртжээ. Дашрамд сонирхуулахад Норвегийн цанын тамирчин Марит Бьорген Олимпод нийт найман удаа алтан медаль хүртэж байсан юм.
 




Сүүлчийн тэмцээний ялагчдад тусгайлан баяр хүргэж, Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд шагналыг нь гардууллаа.
 
Норвегийн тамирчин Марит Бьорген 30 км-ийн уралдаанаар найм дахь алтан медалиа авсан тухай дээр дурдсан. Энэ өдөр тэрбээр бүх цаг үе, бүх ард түмний өвлийн Олимпийн түүхэнд хамгийн их амжилт үзүүлсэн тамирчнаар тодорч байна. Тэрбээр олимпоос нийт найман алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль авчээ.
 
Хаалтын ажиллагааны үеэр цэнгэлдэх хүрээлэн даяар Норвегийн төрийн дуулал эгшиглэсэн. Энэ нь Пёнчанд Норвегийн шигшээгийнхэн багийн медалийн дүнгээрээ дээд амжилт тогтоосныг илтгэжээ. Бьоргены дараа эрэгтэй цанын 50 км-ийн марафоны медальтнууд шагналаа хүртсэн байна.


 
Энэ төрөлд Финлянд улс цорын ганц алтан медаль хүртсэнийг хаалтын ажиллагааны үеэр гардуулж таарчээ. Түүнээс гадна Оросын хоёр тамирчин мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тус Олимпод нийт дөрвөн тамирчны шинжилгээ эерэг буюу сэргээш хэрэглэсэн гэж гарсан юм.
 


 



Хаалтын ажиллагааны үеэр сайн дурын 12 ажилтан шууд алдартай болжээ. Тэд Пёнчаны Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Азербайжан, Унгар, Хонконг, Энэтхэг, Иран, Ливан, Лихтенштейн, Македон, Сингапур, Узбекистан зэрэг улсын далбааг өргөсөн байна. Энэ нь эдгээр орны тамирчид, төлөөлөгчид наадмыг аль хэдийнэ орхиод явсан гэсэн үг юм. Эдгээр улсаас гадна ОУОХ-ны далбааг сайн дурын ажилтан өргөжээ.
 



 
Эстер Ледецкагийн хувьд Пёнчаны Олимпийн наадмын хаалтын ажиллагаанд Чехийн шигшээ багаас хамгийн алдартай тамирчнаар тодорч байна. Өдгөө 22 настай чех бүсгүй уулын цанын супергигант, снөүбордын параллель гэсэн хоёр өөр төрөлд хоёуланд нь алтан медаль хүртсэн өвөрмөц амжилтын эзэн болжээ.
 


 

Шведийн далбааг скиатлоны 15км-ийн уралдаанд алтан медаль, тусгай эхлэлтэй 10 км-ийн уралдаан, буухиа уралдаан, багийн уралдаанаар гурван мөнгөн медаль хүртсэн, цанын спортын тамирчин Шарлотт Калл өргөсөн байна.
 




ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах БНХАУ-ын нийслэл Бээжин хотын дарга Чэнь Цининд Пёнчаны XXIII өвлийн Олимпийн хаалтын ёслолын үеэр Олимпийн далбааг шилжүүлэн өглөө. Үүнээс өмнөхөн Олимпийн далбааг Пёнчан хотын дарга Ерөнхийлөгч Бахад гардуулан өгсөн юм. Ийнхүү 2022 оны өвлийн Олимпийн наадмын нийслэлээр Бээжин ажиллахаар болж байна.

Тус хотыг өвлийн олимпийн зохион байгуулагч болгох шийдвэрийг ОУОХ Куала-Лампурт хуралдах үеэрээ гаргасан билээ. Сонирхолтой нь Хятадын нийслэл өвөл, зуны Олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан дэлхийн анхны хот болох гэж байна.

2018 оны өвлийн Олимп ийнхүү Өмнөд Солонгост амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Дараагийн хоёр олимп мөн л Ази тивд болно. Тухайлбал, 2020 оны зуны Олимп Японы нийслэл Токид болох бол 2022 оны өвлийн наадам Бээжинд болох нь ээ.








































Өглөөний сонин
Э.Мөнхзаяа


8 сэтгэгдэл