Өчигдөр Азийн өвлийн спортын VIII наадмын нээлт Японы Саппоро хотноо эхэллээ. Ази тивийн шилдэг тамирчид спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө долоо хоногийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Японы Эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито хүрэлцэн ирж, тус наадмыг албан ёсоор нээлээ.
Нээлтийн ёслолын ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэр тоглолтоор үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулсан байна.
Саппоро хот өмнө нь Азийн өвлийн спортын наадмыг 1986, 1990 онуудад дараалан зохион байгуулж байв.
Манай улсаас энэ удаагийн наадамд спортын дөрвөн төрөлд 42 тамирчин өрсөлдөхөөр очоод байгаа юм. Монгол Улсын Төрийн далбааг үндэсний шигшээ багийн биатлоны тамирчин Э.Бархүү залж нээлтийн ёслолд оролцлоо.
1 185 сэтгэгдэл