|

Засгийнхаа үүдэнд заргатайгаа буух нь хэн нь вэ

Засгийнхаа үүдэнд заргатайгаа буух нь хэн нь вэ

 

-АН засаглаж чадаагүйн бас нэг жишээ энэ -

Цагаан сараар "тайм” авсан улстөр Оюутолгойн цахилгаан хангамжийн асуудлаар нохой жилийн эхний цанг цохив.  Тэр нь Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт  хамтран ажиллах тухай гэрээнээс Монголын Засгийн газар татгалзаж байгаа тухай мэдээлэл байв.

Татгалзах шалтгаан нь энэхүү гэрээ өөрөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7,3 гэсэн заалтыг зөрчсөн  гэсэн үндэслэл юм. Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж баталсан. Гэтэл Монголын парламентын баталсан энэ гэрээний заалтанд Засгийн газар дур мэдэн өөрчлөлт оруулсан, энэ тухайгаа УИХ-аар хэлэлцүүлээгүй бараг нуучихсан юм шиг байна.

Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд Монгол улсын эрх ашгийн эсрэг заалт оруулсан нь өнгөрсөн намар л ил тод болж, ийнхүү яаравчлан хүчингүй болгож байгаа ажээ. Үүнийг тодруулъя.

Оюутолгойн Монгол улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор 4 жилд багтаж эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос буюу Монгол Улсаас хангах үүрэг хүлээжээ. Тэр хугацаа нь 2017 оны долоодугаар сард дууссан ч өнөө хэр урд хөршөөс эрчим хүчний хангалтаа хийсэн хэвээр байгаа юм. Зүй нь гэрээгээр заасан үүргээ хэрэгжүүлээгүй бол хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдах учиртай. Тус компани жилдээ 160-200 сая ам долларын  цахилгаан эрчим хүчийг Өвөр Монголын эрчим хүчний компаниас импортолдог. Энэ мөнгийг Монголдоо тогтоох боломж байсан уу гэвэл байсан. Харин тэр боломжийг буюу Оюутолгой компани Монголын эрчим хүчний эх үүсвэрээр хэрэглээгээ хангах үүргээ чимээгүйхэн мартагнуулахад хүргэсэн буруутан нь монголчууд өөрсдөө болж байна. 

Хэрэв өнгөрснийг эргэн харвал 2014 оны 08 дугаар сарын 14-нд энэ гэрээнд Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар гарын үсэг зуржээ .

Яагаад гэвэл дээрхи Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулахдаа мөнөөх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7,3 дугаар заалт буюу дөрвөн жилийн дотор эрчим хүчээ Монголоос авна гэсэн заалтыг энэ гэрээгээр түдгэлзүүлчихжээ. Бүр тэгэхдээ хугацаагүй.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаар мэдээлэл хийх үеэрээ "Бидний цуцалсан гэрээнд хугацаа байхгүй. Магадгүй, энэ төсөл дуустал хөрөнгө оруулалтын гэрээний 7,3-т байсан Монголоос эрчим хүч авна гэдэг заалтыг түдгэлүүлсэн байсан юм” гэжээ. Гэтэл энэ гэрээ маань магадгүй 100 жил ч үргэлжилж, жилдээ өнөөгийн багцаагаар 200 сая орчим ам. долларын эрчим хүч хэрэглэж байгаа төсөл гээд бодоорой. Ингэхэд нэг багцаа гарч таарна.

Ийм эх оронч бус заалт гэрээнд оруулсныг нэг талаас гэмт явдал хэмээн харж байгааг буруутгах аргагүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар бол УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэтэл энэ гэрээг тухайн үеийн "Тавантолгойн цахилгаан станц” төслийн удирдлагууд Засгийн газрын хуралдаанд оруулаад шийдчихсэн байжээ. Тэгэхээр энэ нь төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигласан /бараг хулгайлсан/ гэдгээр шалгах үндэслэл байгаа юм. Ямартай ч төр төмбөгөр, ёс ёмбогор.  Хууль журмын дагуу УИХ-аар оруулалгүй, Засгийн газар нь ийн улс орныхоо эрх ашгийг дорд үзсэн шийдвэр гаргаад явж байжээ.

Яагаад ийм ашиггүй гэрээг үзэглэх болов. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байсан уу, ямар тохиролцоо хийсэн бэ гэхчлэн  хардах эрх нь иргэдэд бий.

Тэгэхээр  тэр "нүгэлтэн” хэн бэ гэдгийг тодруулах ажил хуулийнханд нэмэгдэж байгаа байх. Хэрэв өнгөрснийг эргэн харвал 2014 оны 08 дугаар сарын 14-нд энэ гэрээнд Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар гарын үсэг зурсан бол Оюутолгой компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

Гэрээнд гарын үсэг зураг ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг биечлэн оролцсоноос гадна Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак "Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюу толгойн хувьд томоохон дэвшил болж байна. Энэ нь Засгийн газар болон Оюутолгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо” хэмээн онцолж байв. Эндээс харахад тухайн үед энэхүү гэрээнд талууд их ач холбогдол өгч хоёр талын хамтын ажиллагааны тод томруун жишээ болгож байжээ.

Тэгэхээр асуудлын гол нь Н.Алтанхуягийн Засгийн газарт байсан байж таарах гээд байна. Идсэн нь үүрэнд идээгүй нь хомрогонд гэдэг шиг Ч.Сайханбилэг өнөөдөр буруутнаар нэрлэгдэж,  "эрлэгт” дуудагдах бас нэг шалтгаан гэж байна. Түүний хувьд энэхүү гэрээ байгуулагдснаас хойш буюу 2014,11,21-нд Ерөнхий сайдаар томилогдож байсан болохоор  дээрхи гэрээ цаг хугацааны хувьд гарынх нь  "бүтээгдэхүүн” биш болж таарах гээд байна. Харин Дубайн гэрээнйи автор нь бол яах ч аргагүй Ч.Сайханбилэг мөн.

Жилдээ 200 сая орчим ам долларын урсгалыг гадагш нь алдах энэхүү гэрээ Оюутолгойн хувьд 2009 онд байгуулсан  хөрөнгө оруулалтын гэрээний 7,3 дахь 4 жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчний хэрэглээгээ хангана гэсэн заалтыг дахин 4 жилээр сунгах бэлэн боломжийг тэдэнд олгожээ. Тус компанийн хувьд өөрийн барьж байгуулсан /санхүүжүүлсэн/ эх үүсвэр, эсвэл Тавантолгойн цахилгаан станц, түүнчлэн гуравдагч этгээдийн санхүүжүүлж барьсан эх үүсвэрээс эрчим хүчээ хангах боломжтой бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн боломжит хувилбар нь Тавантолгойн 450 МВ-ын цахилгаан станц гэж байна.  

Хэрэв Рио Тинто тус цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг наанадаж 15 жил  худалдан авах баталгаа гаргавал Монголын говьд эрчим хүчний томоохон эх үүсвэр барих ажил энэ ондоо эхлэх боломжтой болж байна.

 

М.Нэргүй

1 сэтгэгдэл