|

П.Ганхүү: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьснаар баруун аймгуудын эрчим хүчийг дотоодоос хангана

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ долоо хоногт зарим аймагт ажиллах үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж Эрчим хүчний сайд П.Ганхүүгээс энэ талаар тодрууллаа.
 
-Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр иргэд эрчим хүчний салбартай холбоотой санал хүсэлтийг олноор тавьж байлаа. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудлыг шийдвэрлэлээ. Одоогоор энэ бүс нутагт нөхцөл байдал ямар байдалтай вэ?
 
Баруун гурван аймаг, ялангуяа Баян-Өлгий, Увс, Ховд аймаг нь ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч авдаг. Мөн Дөргөний УЦС нь дотоодын эх үүсвэрээс оролцдог. Эдгээр аймагт 2008 оноос хойш 62 тэрбум төгрөгийн татаасыг улсаас өгсөн байна. Цаашдаа дотоодын эх үүсвэртэй болж байж баруун бүсийн ард иргэд маань үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой болох юм. Тийм учраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал гэдэг газар байгуулах нь тохиромжтой гэж үзсэн.
 
Энэхүү УЦС-ын хөрөнгө оруулагчийг эрэлхийлэх тал дээр Засгийн газрын зүгээс идэвхтэй ажиллаж байна.
 
-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх чигтэй байна вэ. Хичнээн төгрөг шаардлагатай байна вэ?
 
-Санхүүжилтийг олон хувилбараар шийдэх боломжтой. Үүний зэрэгцээ Говь-Алтай, Завхан аймгийн хувьд дулааны асуудал дээр хүндрэлтэй байгаа. Мөн Өвөрхангай аймгийн хувьд дулааны станцыг энэ онд барих ажил эхлэх ёстой. Ингэснээр эдгээр аймгуудад эрчим хүчний хангамжийн асуудал шийдэгдэнэ.
 
-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар баруун гурван аймгийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадах уу?
 
-Тус УЦС ашиглалтад орвол дээрх аймгуудын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

0 сэтгэгдэл