Сар шинийн үеэр монголчууд бууз, мах, нийслэл салат гэх мэт илчлэг өндөртэй хоол хүнсийг ихээр хэрэглэдэг. Хэт хүнд хооллох нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймээс сар шинийн баяраар хооллолтодоо хэрхэн анхаарах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
- Цагаан сарын үеэр хоол боловсруулах эрхтнүүд ачаалал авч эхэлдэг. Хэт хүнд хооллосноор ходоод өвдөх, нойр булчирхай үрэвсэх гэх мэт шинж илэрдэг. Удаан хугацаанд ийм хэрэглээтэй байвал элэг цөс үрэвсдэг. Иймээс хоолоо тохируулж хэрэглэх, бага багаар идэх, хоол хооронд шингэн зүйл сайн уух хэрэгтэй.
- Сар шинийн үеэр бууз, мах, нийслэл салат гэх мэт илчлэг өндөртэй хоол хүнсийг хооронд нь хольж хэрэглэдэг. Өөхтэй мах, буузыг нийслэл салат, майонезоор амталсан салаттай биш, харин шинэ ногооны салат, байцааны салат гэх мэт ногоон өнгийн ногоо орсон салаттай идэх хэрэгтэй. Учир нь ногоон өнгийн ногоо, байцаа, брокколи зэрэгт хлорофилл хэмээх ногоон өнгийн будагч бодис агуулагддаг бөгөөд энэ нь илүүдэл өөх тосыг багасгах, биеийг хоргүйжүүлэх, цус төлжүүлэх зэрэг эерэг ач холбогдолтой. Мөн байцаа, брокколи, бууцай, яншуй гэх мэт ногоон ногоонд кали, төмөр, кальци, фолийн хүчил, аминдэм А, Е, С их агуулагддаг. Эдгээр ногоонд агуулагдах эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж хоол боловсролтыг дэмждэг. Мөн бие махбодоос хортой бодисууд, холестериныг гадагшлуулдаг тул биеийн жин нэмэгдэхээс сэргийлдэг.
- Сар шинийн баяраар архи, согтууруулах ундааны хэрэглээ ихэсдэг. Архи согтууруулах ундаа нь нойр булчирхай өвддөг хүмүүст хамгийн аюултай. Ходоодны шархлаа, үрэвсэлтэй хүн мөн адилхан спиртийн төрлийн ундаа, хийжүүлсэн ундаа, кофег хязгаарлах шаардлагатай. Хоол хүнсэнд агуулагдах уураг, нүүрс ус, өөх тосноос гадна спирт нь илчлэг ялгаруулдаг. 1 г спирт 7 ккал илчлэг ялгаруулдаг. Иймээс илчлэг өндөртэй хоол хэрэглэхийн хамт архи ууснаар илүүдэл жин үүсгэх сөрөг нөлөөтэй.
- Баярын үеэр хүүхдүүд нэг дор их идэх, ундаа, чихэр гэх мэт амттай зүйлс их идэх гээд байдаг. Мөн олон төрлийн хоол хольж хэрэглэснээс хоолны хордлого болох эрсдэлтэй байдаг. Иймд хүүхдүүдийн хооллолтод эцэг эхчүүд нь анхаарч, нэг дор хэт их идүүлэхгүй байлгах, амтлаг хүнсний хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй. Мөн шингэн зүйл, халуун бүлээн ус сайн уулгах, ногоон өнгийн ногоо орсон салат, зууш идүүлэх, илчлэг багатай хүнсийг сонгож хэрэглүүлэх хэрэгтэй.
- Хоол хүнсийг тохируулж, зөв хэрэглэхээс гадна хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай эх үүсвэрээс, хөргүүртэй нөхцөлөөс авах, гарал үүслийн бичиг, шинжилгээний бичиг зэргийг шалгаж авч байх хэрэгтэй. Хоол бэлтгэхдээ болсон болон түүхий хүнсийг хооронд нь холихгүй байх, тохиромжтой хэмд хадгалах, болсон хоол хүнсийг ил задгай хадгалахгүй байхад анхаарах хэрэгтэй. Болсон хоол хүнс тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар хадгалахад түүнд өвчин үүсгэгч бичил биетнүүд өсч үржсэн байдаг. Иймээс баярын өдрүүдээр зочин, гийчингүй үед хоол хүнсийг аль болох сэрүүн газарт хадгалах
НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны ажилтан Б.Туул
2 сэтгэгдэл