|

Хүүхдийн өвчлөлийн эргэн тойронд

 Хүүхдийн өвчлөлийн эргэн тойронд

 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 40% нь хүнд хэлбэрийн хатгаатай

Энэ жил 0-4 насны хүүхдүүдийн дунд уушигны хатгаа өвчний дэгдэлт хамгийн өндөр байна. Томуугийн өвчлөлийн тандалт судалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 40 хувь нь хүнд хэлбэрийн хатгаа туссан болохыг тогтоожээ. Эрүүл мэндийн яамнаас томуугийн вирүсээр өвчилсөн хүүхдүүдийг эмчийн заавраар гэртээ асарч сувилахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Учир нь эмнэлгүүдийн ачаалал хэт өндөр байгаагаас хэвтэн эмчилгээ хийлгэж буй хүүхэд өөр төрлийн вирүсээр давхар өвчлөх эрсдэл үүсчээ. Онцын шаардлагагүй тохиолдолд үр хүүхдээ олон хүнтэй газраар дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, дархлаа дэмжих үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Эмнэлэгт үзүүлж буй иргэдийн 6.2 хувийг ханиад, томуугийн вирүсээр өвчилсөн иргэд эзэлж байгаа аж.


Уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж байна

2018 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 36 мянган хүүхдийг уушигны хатгаа өвчний эсрэг вакцинаар дархлаажуулахаар болжээ. Уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийх бөгөөд дархлаажуулалтын ажилд шаардагдах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулж өгчээ. Өнгөрсөн жилүүдэд уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 87 мянга 900 хүүхдэд хийсэн байна.


ЭМЯ-аас Томуугийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна

Томуугийн вирүсийн эсрэг вакциныг хөнгөлөлттэй үнээр буюу 13 ам.долларын үнэтэй вакциныг 3.5 ам доллараар хийж байхад нийт хүүхдийн 80 орчим хувь нь хамрагджээ. Хүүхэд бүрийг 100 хувь хамруулах боломж байгаа ч эцэг эхчүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй дархлаажуулалтын аянд идэвхгүй ханджээ. Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 2 жилийн хугацаанд хоёр мянган хүүхдийг хамруулсан судалгаа хийхэд 70 хувь нь томуугийн вирүстэй байжээ. Өөрөө өвчлөөгүй ч халдвар тараагч вирүстэй хүүхдийн тоо их байгаа нь эцэг эхчүүдтэй шууд холбоотой аж.


Шинэ жилийн баярын өдрүүдэд туршлагатай эмч мэргэжилтнүүдийг жижүүрээр ажиллуулна

Шинэ жилийн баярын өдрүүдэд дөрөв хоног амарна. Тэгвэл эдгээр өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагын хамгийн туршлагатай эмч, мэргэжилтнүүд жижүүрээр ажиллах юм байна. Мөн олон хоног амарч байгаа учир шаардлагатай эм тариа, бензин шатахууныг нөөцөлжээ. Үүнээс гадна Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 50-100 ортой хүүхдийн тасаг нээх хүсэлтийг Хууль зүй дотоод хэргийн сайд хүргүүлсэн байна.


Вакцин нь биологийн бэлдмэл учир зөвхөн эрүүл хүүхдийг тарина

Вакцин бол бактери, вирүс юм. Тиймээс ханиадтай, хатгаатай харшлын өвчтэй хүүхдэд вакцин хийдэггүй. Гэхдээ харшилтай хүүхдийн тухайд мэргэжлийн эмчээс асууж зөвлөгөө авч байж вакцин хийлгэж болдог. Вирүсийн гаралтай вакциныг өндөгний харшилтай хүүхдэд хийдэггүй байна.


Бага насны хүүхдийг хамрыг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй

Хүүхдийн хамрыг бүлээн усаар, содтой усаар угааж цэвэр байлгах хэрэгтэй. Хамрыг цэвэр байлгах нь томуугийн өвчнөөс хамгаалах үр дүнтэй аргад тооцогддог. Энэ жилийн ханиад томууг эмчлэхэд уламжлалт эмчилгээний аргууд үр дүнтэй байгаа аж. 



1 сэтгэгдэл