|

“Жижигхэн архичин” буюу дэлгэцийн донтон

“Жижигхэн архичин” буюу дэлгэцийн донтон

 

-Гэр бүлийн чинь хэн нэгэн хоёр цагаас дээш хугацаагаар гар утсаа ширтэх, компьютерээр тоглож байгаа л бол танайх донтогчтой гэсэн үг юм-

Бид явж, тэд үлдэнэ. Тэд гэж хэн бэ гэж үү? Таны, миний, бидний үр хүүхдүүд.Тэд энэ улс орныг авч явах, таны үндэс угсааг үргэлжлүүлэх үр хойч. Тэгвэл бидний үр хүүхдүүдийн нэг биш нилээд хэсэг нь цахим ертөнцөд донтож, харин зарим нь хар тамхи хэрэглэж, донтож байна. Энэ бүхэн хэний буруугаас үүдэлтэй вэ. Бид энэ асуултанд хариулт авах гэж олон хүнтэй уулзсан боловч гол буруутан нь эцэг, эхчүүд гэж санал нэгдэв.

"Жижигхэн архичин” буюу дэлгэцийн донтон

"Хоёр настай хүү маань гар утас аваад интернэтэд холбогдоод янз бүрийн юм үздэг болсон, одооны хүүхдүүдийн сүрхийг” гэж ярих ээж, аавуудтай таарч байгаагүй хүн үгүй гэвэл гайхахгүй биз ээ. Олон нийтийн сүлжээнд ч энэ талаарх мэдээллүүд олон. Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д цахим мэдээллийн дон, дэлгэцийн дон гэсэн оноштой өвчтөнүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэдгийг эмч нар хэлж байна. Тодруулж хэлбэл, СЭМҮТ-д 2016 онд зөвхөн хүүхдийн тасагт 442 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2016 онд энэ тоо 487 болж өсчээ. Гэхдээ энэ бол зөвхөн хэвтэн эмчлүүлж буй тоо буюу дэлгэц болон хүнд хэлбэрийн стресст орсон хүүхдүүд юм. Нийт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 25 орчим хувь нь дэлгэцийн донгийн хүнд хэлбэрт шилжсэн байдаг аж. Дэлгэцийн дон гэдэг нь зөвхөн компьютер тоглоом, цахим мэдээлэлд донтогсод гэнэ. СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөрийн клиникийн тасгаар үйлчлүүлэгчдийн хамгийн бага нь найман настай, сүүлийн жилүүдэд наймаас доош насны цахим донтогсод нэмэгдэж байгаад тус тасгийн эмч нар сэтгэл зовинож байгаагаа хэллээ. Хүүхэд, өсвөрийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяа "Компьютер донтолт бол зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай зүйл биш. Үүнийг сэтгэл засал хийж, урьдчилан сэргийлэхэд л болох зүйл. Энэ бүхнээс сэргийлэхэд эцэг, эхчүүдийн хараа хяналт, хүүхэдтэйгээ зөв харилцаатай байх, гэр бүлийн уур амьсгал халуун, дулаан байх буюу амьд харилцаа чухал. Манайд хандаж байгаа хүүхдүүдийн олонхи нь гэр бүлийн харилцаа таарамжгүй, амьдралын гачигдалтай айлын хүүхдүүд байдаг. Түүнээс гадна үе тэнгийн даган дуурайлт, уруу таталт бий. Сүүлийн жилүүдэд бага насны буюу наймаас доош насныхан донтоогүй ч хэрэглээний маш өндөр түвшинд очсон байгаа нь эмзэглэл төрүүлж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй харилцаж, хэнтэй нөхөрлөж, хичээлийн бус цагаар хаана юу хийж байгаад нь анхаарлаа хандуулах ёстой. Хамгийн чухал нь хүүхэд юу хэрэглэж болох, болохгүйг зааглах хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед эцэг, эхчүүд өөрсдөө гар утаснаасаа салахгүй байгаа нь хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал болж байгаа юм” гэлээ. Архичин хүн ямар байдагтай дэлгэцийн донтой хүүхэд яг адилхан гэнэ. Яг л "жижигхэн архичин” гэсэн үг. Хэрэв гар утсаа өгөхгүй, компьютер тоглохгүй бол уурлах, уцаарлах нь энүүхэнд. Эцэг, эхчүүд хүүхдээ уйлж, уцаарлавал түр саатуулах, аргадах зорилгоор гар утсаа бага насны хүүхдэд өгдөг нь хамгийн буруу гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж буй.

Нэгэн ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаа

Дэлгэцийн дон эмчлэгдэнэ, гэхдээ ерөндөг байхгүй

Цахим тоглоомонд донтсон хүүхдэд хэд хэдэн сөрөг зүйл ажиглагддаг аж. Тухайлбал, цочромтгой, ууртай болох, бухимдан уйлах зэрэг нь эхний шинж тэмдэг буюу ядаргааны эхний үе шат. Харин дараагийн үе шат нь худлаа хэлэх, найз нөхөдтэйгээ нийлж, уруу татагдах. Энэ нь даамжирсаар хулгай хийх, хичээлээ таслах, гэрээсээ дайжиж зэрэг хүнд хэлбэр буюу донтогч болсныг илтгэдэг гэнэ. СЭМҮТ-ийн Поликлиникийн эрхлэгч Д.Дэжидмаа "Нийгмийн хүчин зүйлээс болж стрессгүй хүн гэж байхгүй болсон. Стрессээ даван туулаагүйгээс болоод өвчлөл ихэсч байгаа. Ялангуяа интернэтийн хангамж сайжирснаар цахим мэдээлэлд донтох эмгэг түлхүү байна. Цахим мэдээллийн донтолт хүүхдэд илүү их тохиолдож байгаа нь манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд ажиглагдаж байна. СЭМҮТ-ийн эмчилгээний 80 хувь нь сэтгэл засал байдаг” талаар тэр хэллээ. Тиймээс хүүхдийн донтолтыг ямар нэг ерөндөг, эм тариагаар бус сэтгэл заслаар эмчилдэг юм байна. Ерөндөг байхгүй учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх, донтуулахгүй байх нь хамгийн чухал гэнэ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ ухаалаг гар утас, таблет, компьютерийн хэрэглээнд хязгаарлалт тавьж, урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй арга юм.

SOS: Цахим донтолт гэдэг нь гар утас, таблет, компьютерийнхээ хэрэглээг хэтрүүлэн хэрэглэхийг хэлнэ. Өөрийнхөө хэрэглэх зохимжтой хэмжээнд хэрэглэхгүй, хэтрүүлэн хэрэглэхийг зохистой бус хэрэглээ гэнэ. Энгийнээр хэлбэл, бага ба түүнээс дээш насныхан өдөрт хамгийн ихдээ хоёр цаг цахим мэдээлэл авах нь зохистой хэрэглээ юм байна. Зохистой бус хэрэглээнээс болж бие сэтгэцийн хараат байдалд орсон, гар утас, таблет, компьютерээсээ салж чадахгүй байгаа л бол донтогч. Гэхдээ донтогч болох нь заавал эмнэлэгт ханд гэсэн үг биш юм. Хэрэглээгээ багасгах, хянах, хязгаарлах, дан цахим мэдээлэлд бус өөр зүйлд чөлөөт цагаа зарцуулах, үр хүүхдүүдтэй хамт тоглох, ном унших зэргээр донтолтоос урьдчилан сэргийлж болно. Харин үүнд эцэг, эхчүүдийн хариуцлага маш чухал.

Ажил, хичээлээ тараад гар утас, таблет, компьютерээсээ салж чадахгүй хоёроос дээш цагийг өнгөрөөх нь донтоход ойрхон байгаагийн шинж гэнэ. Энэ нь тухайн хүний даван туулах чадвараас хамааран нэг хэсэг нь бүр донтдог бол нэг хэсэг нь биеэ татаад авах чадвартай байдаг гэх. Өөрөөр хэлбэл, танай гэр бүлд хоёр цагаас дээш хугацаагаар гар утсаа ширтэх, компьютерээр тоглогч байгаа л бол танайх донтогчтой гэсэн үг юм. "Хайчаар тоглож байгаад нүдээ сохлочихсон хүү том болоод ээж, аавдаа хайчийг нь булаагаад авчихгүй дээ, нүдээ сохлотол уйлах биш дээ” гэдэг шиг хожим сүүлд нь үр хүүхдүүдээсээ ийм үг сонсохгүйн тулд бид өнөөдрөөс гар утас, компьютер, таблет гээд ухаалаг хэрэглээгээ хязгаарлах нь ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт болох нь. Бидний хүүхэд цахим ертөнцөөс хүмүүжил авах бус, эцэг эхчүүдээсээ зөв хүмүүжил авах ёстой. Хүүхэд цахим ертөнцөөс ямар хүмүүжил авна яг тэр хүмүүжлээрээ бусадтай болон нийгэмтэй харилцдаг гэдгийг мэргэжлийн эмч нар сануулж байна.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: Tonshuul.mn

6 сэтгэгдэл