|

Эдийн засгийг “элэг дөрвөөр нь хэвтүүлсэн” гэх Н.Золжаргалыг АТГ, ЦЕГ хамтран шалгаж байна

АТГ-аас өнөөдөр /2017.8.25./ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "…Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэргийг ЦЕГ-ынЭдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Авлига, албан тушаалын эсрэг гэмт хэрэг байна уу, үгүй юу гэдгийг энэ ажлын хэсэг тогтоох учиртай” гэсэн юм.

Монглобанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой асуудал энэ оны тавдугаар сараас дэгдсэн байдаг. 2017 оны тавдугаар сарын 24-ний Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Монголбанкийг шалгасан ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулга хийж байв. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажиллаж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нар ажилласан юм.

Ажлын хэсгийнхэн дараах дүгнэлтийг гаргасан байдаг.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгосон нэрлэсэн зээлийн хүү болон бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь төрд хохиролтой,

-Яамдын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтад хууль эрхзүйн актыг мөрдөж ажиллаагүй,

-Хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

-Газрын тосны үнэ тогтвортой, ирээдүйд буурах хандлагатай байсан үед шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж нийт 408.4 тэрбум төгрөгийн хохирлыг төрд учруулсан,

-Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчиж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ноцтой зүйлүүдийг төрийн нууцад хамааруулсан. Шаардлагагүй мэдээллүүдийг нууцалсан,

-Монголбанк шилэн дансыг хангалтгүй хөтөлдөг,

-Монголбанкнаас дотоодын банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүд нийт хуримтлагдсан алдагдлын талаас илүү хувийг хамарч байна. 2012-2016 онд нийт 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн,

-Монголбанкны алдагдал 2016 оны эцсийн байдлаар 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажилласан байна.

Монголбанкны 3 их наядын алдагдалтай ажилласан нь банкны хуучин удирдлагуудын алдаа хэмээн ажлын хэсгийхэн үзлээ. Харин ажлын хэсгийхнийг улстөржсөн гэж банкны удирдлагууд шүүмжилж байсан юм. Харин ажлын хэсгийхэн шалгалт хийснээр эдийн засгийг эрүүлжүүлэх том алхам болж байна гэсэн байр суурьтай байсан юм.

Тус байнгын хорооны хурал дээр гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "…Бид Монголбанкны шалгалтанд улс төрийн зорилгоор хандаагүй. Өнөөдрийн эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан бол төгрөгийн худалдан авах чадвар унасантай холбоотой. Валютын ханш 2 дахин өөрчлөгдсөн. Энэ нь үнэ тогтворжуулах зорилгоор 4 их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэнтэй холбоотой. Тэр мөнгөөр ихэвчлэн импортын бараа худалдаж аван, барилгын материал болгоод урагшаа зөөгдсөн.

Мөн валютын ханш тогтвортой барих аргачлал оновчгүй байсан. Ялангуяа 2013 оны 8 сараас 12 сарын хооронд валютын ханшийг өсгөх бодлого барьсан байж болзошгүй. Монголбанкны өмнөх захирал үндсэн чиглэлийг талаар хэлэлцэж байхад төв банканд хамаарахгүй гэж хэлж байсан удаа бий.

Нэг доллараар авах бараа 1350 байсан бол одоо 2400 болсон. Цаашдаа энэ алдааг дахин гаргахгүй байхын тулд л энэ шалгалтыг хийсэн. Бизнес хийхэд намчирхах шаардлагагүй. Төвбанк нэг ажилчиндаа  хоёр ч удаа орон сууцны зээл өгч 240 саяыг гаргасан байна. Ийм зүйл байж болох уу?” гэсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "…Улс орны эдийн засгийг маш ноцтой түвшинд хүргэсэн үйлдлийг улстөржсөн гэж шүүмжилж байвал энэ ажил үр дүнгүй болно. Эдгээр үйлдлийг хийсэн удирдах албан тушаалтнууд нь гадагшаа гарч зугтаагаад, 4, 5 жилийн дараа сонгуулиар дахин ирж үйлдлээ давтвал яах вэ?

Төв банкны 2012-2016 онд явуулж байсан үйл ажиллагаа зах зээлийн зарчмаас гадуур төсвийн шинжтэй зардлууд маш их байна. Ганцхан жишээгээр дурдвал 2011 онд манай орны эдийн засгийн өсөлт 11 хувьтай байсан бол өнөөдөр дэлхийн 124 орноос 120-д жагсаж байна” гэж байв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "…Ажлын хэсгийн танилцуулгыг харахад маш ноцтой асуудлуудыг ил болгож амжилттай ажилласан байна гэж дүгнэж байна. Энэ дүгнэлтийг хараад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Даан ч дээ… Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын энэ үйлдэл давтагдаж байна. Ажлын хэсгийхнийг улстөржсөн гэж хэлэх ёсгүй. Улс орны эрх ашгийн төлөө алдаатай зүйлийг нь гаргаж ирсний төлөө бид баяр хүргэх ёстой. Эдийн засгийн байдлыг бид бүгд мэднэ. Энэ үйлдлийг илрүүлснээр ОУВС-гаас айх ямар ч шаардлага байхгүй. Харин ч ийм шударга бус үйлдлийг илчилснээр эдийн засгаа эрүүлжүүлэх боломж олдож байна” гэж байлаа.

Ер нь бол 2012 оныг хүртэл буюу Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч болох хүртэл тус банк  алдагдалгүй ажиллаж байсан тухай мэдээлэл байна. Төвбанкинд заавал байх валютын нөөц, өөрийн хөрөнгө байх ёстой баланстаа л байжээ. Гэтэл гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болж огцом буурчээ.

2012 оны наймдугаар сараас эхлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд Монголбанкны алдагдал хэвийн байх хэмжээнээсээ хэтэрч хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс "Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуйн нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна.

Тухайн үед Хүнс хөдөө аж ахуйн яам л гэхэд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Түүнчлэн нефть импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт нэг тэрбум 579.95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан гэж эх сурвалжуудад дурджээ.

Энэ бүхнээс Монголбанк 354.2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээсэн байна. Дээрхээс хамгийн иx анхаарал татсан нь Төвбанк 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацсан гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад олгожээ.

Шуудхан хэлэхэд Н.Золжаргал 14 их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгийг салхинд хийсгэснээс үүдэж эдийн засаг хямрах шалтгаан болсон гэж эдийн засагчид дүгнэж байгаа ажээ.

Тиймээс АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа юм байна.

Энэ мэдээлэл гарсны дараа Н.Золжаргал Австралид очоод "хэвтчихсэн” тухай хэвлэлүүд мэдээлж байв. Тэр байтугай түүнийг оргон зайлсан учраас эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл ч гарч байсан юм. Одоо ч тэр Монголдоо ирсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тодруулбал, АТГ-аас Н.Золжаргалыг шалгаж эхлэхэд биеийн байдал тааруу гэдэг шалтгаанаар гадагшаа эмчилгээнд яваад өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа гэсэн мэдээлэл байна.
Ажлын хэсгийнхэн энэ бүх алдаа дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцох ёстой. Харин хэнд хариуцлага тооцох вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болоод байна. Үнэхээр алдагдалтай ажиллаад олон тэрбумын алдагдал хүлээсэн бол ганц Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалаас гадна тухайн үед засгийг барьж байсан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар тэргүүн эгнээнд шалгагдах ёстой.
Өнгөрсөн саруудад Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш унаж, ноён ногооны ханш тэнгэрт хадсан. Үүний гол буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал юм. Гэтэл үүнд ямар ч хариуцлага хүлээлгүй өнөөдөр гадаад эмчилгээтэй байгаа гэсэн шалтгаанаар эх орондоо ирэхгүй байна. Чухам эмчилгээтэй байна уу аль эсвэл Монгол банкинд явуулсан тус шалгалтыг мэдчихээд хаа нэгэн газар орогнож байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Түүний тарьсан хэрэг үүгээр ч дуусахгүй.

2015 онд УИХ-ын гишүүн асан Г.Уянга Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-т өгч шалгуулна гэдгээ мэдэгдэж байсан. Тухайн үед Г.Уянга гишүүний дэлгэсэн Монголбанкны ерөнхийлөгч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө тараасан мэдээллийн төлөө энгийн ажилчин залууг "мэдээлэл задруулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг эсэргүүцэн АТГ-т шалгуулахаар өгч байсан. Тухайн хэргийг эргэн сануулахад, 2015 оны 3 сард Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын газрын дарга нартаа тараасан тэрбум тэрбум төгрөгийн баримтыг УИХ-ын гишүүн Г.Уянга дэлгэж байсан. Түүний дараагаар Н.Золжаргал ерөнхийлөгч Ш.Чулуунбаатар гэдэг залууг хэлмэгдүүлж, ажил амьдралыг нь орвонгоор нь эргүүлж байсан гэж ярьдаг. Ингээд 2015 оноос хойш АТГ Монгол банк болон Н.Золжаргалыг шалгаж эхэлсэн бололтой. Харин хохирогч залууг 2015 оны 10 сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 164.1-т зааснаар банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан хэрэгт эрүү үүсгэн шалгасан байдаг.

Эцэст нь хэлэхэд, Н.Золжаргалын Монголбанкинд хийсэн, Монгол Улсад хийсэн ажлын "үр дүн”-г Монголын ард түмэн бид амсч байгаа бололтой.

Түүнийг АТГ шалгаж байна л гээд байна , харин мань Н.Золжаргал хилийн чанадад үнэтэй зочид буудлуудад бууж тансаглаж явна уу, энд ирээд иргэний үүргээ биелүүлж сууна уу?

П.МАНДАХ

Эх сурвалж: www.polit.mn

0 сэтгэгдэл