|

Хөгжлийн банкинд учруулсан хохирлын 1 тэрбум 500 сая төгрөгийг нөхөн төлүүллээ

Хөгжлийн банкыг шалгах шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байна. АТГ-аас тус банкны зарцуулалтыг шалгах явцад "но"-той, "ноцтой" баримтууд дэлгэгдэж, эцэстээ Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүн багтсан байдаг.

Тэгвэл тэд мөрдөн байцаалтын явцад Хөгжлийн банкинд учруулсан хохирлын 1 тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж чаджээ. Цаашид ч тус банкинд учруулсан хохирлыг эхнээс нь төлүүлэх юм байна. Гэхдээ ЦЕГ, АТГ, ТЕГ-аас байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд нийт хэчнээн тэрбум төгрөгийн хохирол учраад байгаад эцэслэн тогтоощгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

 УИХ болон Хууль зүй яамнаас байгуулагдсан Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банк нь 1.3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчилтэй хэмээн мэдээлсэн байдаг.

Сануулахад, өнгөрсөн хугацаанд манай сайтаас хүргэж байсан нийтлэлүүдийг санаж байгаа бол Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой маш ноцтой 30 гаруй зөрчил бий болсон байдаг. Дахин сануулахад, дээл өмссөн ажилчнаа урамшуулсан, гадаад томилолтын хэтэрхий гэхэд арай л хэтэрхий тансаглалууд, төсөл хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх боломж бололцоо гээд наад захын шалгууруудыг нь огт тодорхой болгоогүйгээр зээлийг эмх замбараагүй тараасан. Мөн алдаатай тушаал шийдвэрээс болж улс их хэмжээний алдал хүлээсэн гээд тоочоод барахгүй их "но" илэрч байсан юм. Дээрээс нь нэмээд Хөгжлийн банкны удирдлагуудын цалин, хангамж гэж сонссон хүн итгэмээргүй сансрын тоо баримтууд ил болж иргэдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж билээ.

Тиймдээ ч АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Б.Чимэг

zaluu.com

215 сэтгэгдэл