|

Ц.ЦЭНГЭЛ: НАМЫНХАА НЭР ХҮНДЭЭР ТУГ ТАХИЖ БАЙНА

Ц.ЦЭНГЭЛ: НАМЫНХАА НЭР ХҮНДЭЭР ТУГ ТАХИЖ БАЙНАБОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй  нутаг руугаа явахаар бэлтгэл базааж байх үед нь таарав. Завшааныг ашиглаж цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу та?  Морь мал тэнхлүүн,  хурд хүч сайхантай, сайхан зусав уу?

Сайхаан.  Морь мал гэснээс энэ  жил  наадамд гэр барилгүй, морь уялгүй өнжлөө. Их эвгүй байдаг юм байна.  Юнескогийн хурлаас аваад  Олон улсын арга хэмжээ, уулзалт зөвлөгөөн гээд ер нь гадагшаа томилолт ихтэй, нэлээд ажиллархуу байлаа.

Хурдан морь ч таны амьдралын нэг хэсэг болсон шүү.  Их олон жил уясан байх аа.

Өө олон жил.  1998 оноос хойш гэдэг чинь тасралтгүй 18 жил морь уясан байна.  Улсын наадамд дандаа айрагдаж байлаа.  Би соёолон, их нас, азарга гээд ер нь дандаа дээд нас л уядаг юм.  Бага насыг уядаггүй. Хайрлаад байдаг юм.  Дэлхийн морин уралдаанд ч даага шүдлэнг уядаггүй юм байна лээ. Одоо харин нутагтаа очиж,  Могодын айргаа шимээд морины захад хэд хоног амарна даа.

Улс төр ид бужигнаж эхэлж байхад уу?  Та МАН-ын нэлээд тулхтай, нөлөөтэй гишүүдийн нэг шүү дээ.  Ер нь энэ талаар таны байр суурийг сонирхохгүй өнгөрнө гэдэг утгагүй мэт...

Өө олон хоног амарч чадахгүй л дээ.  Намын Бага хурлаас өмнө ирнэ.  Ер нь одоо энэ асуудлыг маш яаралтай цэгцлэх хэрэгтэй.  МАН үүсэж хөгжсөн цагаасаа л улс орноо жолоодож хөгжүүлэхэд ухаанаа уралдуулж,  Монгол улсыг хөгжлийн дээд түвшинд хүргэх арга замыг л хайж ирсэн. Улс орны хөгжлийг авч явах үүрэг хүлээж, ачаа үүрч байгаа  МАН дотроо  хагарч бутарч байгаад харамсаж байна.  Нөхцөл байдлыг улам гааруулж, хатгаж,  хоёр үзүүртэй зүү шиг болгож байгаа улсууд олон байна.  Намын удирдлагуудаа хооронд нь хагаралдуулж, талцаж хэрэлдээд байвал эцэстээ юунд хүрэх вэ гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй байна.  Анх 90-ээд онд Ардчилсан нам хагарч хэмлэлдээд  боловсон хүчингүй болсонтой агаар нэг юм болно л доо. 

Бидний үнэт баялаг бол эв нэгдэл.  Одоо өөр өөрсдийн эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашиг, улс орны эрх ашгийг бодож, эвлэлдэн нэгдэж, нэг хүн шиг, нэг удирдлаган дор манлайллаа өсгөж, бойжуулж, үржүүлж байж амжилтад хүрнэ шүү.   Хариуцлага бол мэдээж байх ёстой. Хариуцлагыг ард түмэн маш их хүсдэг.  УИХ-ын сонгуулиар авсан саналдаа эрдэж бярдаж, ард иргэдийн үгийг сонсдоггүй, хүлээж авдаггүй байдал газар авсан.  Ард түмэн гэдэг чинь хяналт шүү дээ.  Үүнийг мартаж болохгүй.  Тийм учраас "хариуцлага тооцох хэрэгтэй” гэдгийг ухаараад намыг чиглүүлж чадах хүнээ хүрээлж, эвтэй байж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө бүрэн бүрэлдэхүүнээрээ, бүрэн дүүрэн хичээж ажиллах ёстой.  

Та бол намд ч,  төрд ч туршлагатай зүтгэлтэн. Тань шиг боловсон хүчин ховор байна.  Яг үнэнийг хэлэхэд, одоо МАН-ын өндөр алба хашиж байгаа залуучууд туршлагагүй байна.  "60 тэрбум”-ыг дагаад олон муу мэдээ ар араасаа хөвөрч байгаагийн нэг нь энэ шүүмжлэл.

Сая урьд өмнө байгаагүй хар сонгууль боллоо. Бас урьд өмнө байгаагүй хагарал  манай намд өрнөж байна. МАН-ын 100 жил  ойртож байгаа энэ түүхэн цаг үед хагарал бутрал дээд цэгтээ хүрч байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бол алдаа завхрал. Ер нь бол манай намд шинэчлэл хэрэгтэй. Тиймээс бид 2012 оноос залуучуудаа их дэмжиж эхэлсэн л дээ.  Намын бодлого залуучуудаараа л тэжээгдэж, залуучуудаараа л улбаалж үргэлжилдэг шүү дээ.  Хуучин бол намын 40 хувь нь ахмадууд, 40 хувь нь дунд үеийнхэн,  10-20 хувь нь залуучууд байсан.  Харин одоо бол залуучууд 80 хувь, дунд үе 10-15 хувь, ахмадууд 5 хувийг эзэлж байна. Энэ бол манай нам шинэчлэгдэж байгаагийн нэг илрэл шүү дээ. Гэхдээ зарим талаар, ялангуяа ажил амьдралын практикийн хувьд зарим залуучуудад маань асуудал байгааг хүлээн зөвшөөрнө.  Ядаж л салбартаа танигдсан, салбарынхаа ажлыг мэддэг нь хэн билээ гэхээр учир дутагдалтай. Азын шоо нь гийгээд том ажил дээр шууд оччихсон улсууд чинь амьдрал мэдэхгүй, ажлын практик туршлага байхгүйгээс болоод ард иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа явдал бий.

МАН-ын муу муухайг "илчилсэн” мэдээлэл тасрахаа больж. Энэ бол муухай харагдахаасаа илүүтэй  танай намын хүч саармагжих, нөгөө намын өгөөш болж байгаа хэрэг...?

Үнэн. Бие биедээ бууж өгч чадахгүйгээс энэ хямралд хүрлээ шүү дээ.  МАН  түүхэндээ нэг жанжин шугамтай байж, нэг үгээр дуугардаг байсан.  Бусад намууд хэлдэг юм. "МАН бол нэг тогтолцоотой нэг удирдлагаар явдаг, хаанаас нь яаж ч хатгаад нэмэргүй” гэж.  Гэтэл бид одоо нэг туган дор нэгдэж чадахгүйгээс намынхаа нэр хүндээр туг тахиж байна.

Тэгээд энэ хүмүүст эвлэрэх орон зай үлдсэн гэж үү? 

Бидэнд одоо өөр гарц байхгүй. Эв нэгдлээ хичээж, түмэн олныхоо төлөө гэсэн ганцхан ухамсрын дор эвлэлдэн нэгдэж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хүн бүр хичээж ажиллах хэрэгтэй.  Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй бол 2020 онд ард түмэн дүнг  нь тавиад л өгнө.  Намын хагарал тогооноос хальж байгаа нь том аюул шүү.  Одоо ард түмнийхээ эв нэгдлийг хангах талаар онцгойлон анхаарахгүй бол талцал хагарал, хэл ам, хэрүүл доромжлол, улс төрийн намууд болоод улс төрчдийг хагаралдуулахад чиглэгдсэн турхиралт хэрээс хэтэрлээ.

Энэ байдлаар үргэлжилбэл юу болох вэ?

Улс төрчид, намын гишүүдийн талцал толхилцоон Монгол нутгаар нэг тарж асаж байна. Бидэнд улс эх орны ашиг гэж амин чухал зүйл бий. Тиймээс эрхэм дүү нар, эрхэм гишүүд эвээ хичээж улс төрийн  хэрүүл маргаанаа зогсоох, цэгцлэх цаг нь боллоо. Намын дарга эрх биш ухамсарлаж байгаа биз. Энэ асуудал удахгүй намын бага хурлаар шийдэгдэх байх.  Энэ байдлаар үргэлжлээд байвал 2020 онд ялалт авахад тун хэцүү болно.

За баярлалаа.

 



0 сэтгэгдэл