-ХҮҮХДҮҮДИЙГ ЭЦЭГ ЭХ НЬ ТУСЛАХ МАЛЧНААР АВЧ ГАРААД ТЭНД НЬ ҮЛДЭЭДЭГ-
Сүүлийн гурван жилийн хугацаанд хурдан морь унаач зургаан хүүхэд амь насаа алдаж, 400 гаруй хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн гэх тоон мэдээлэл бий. Хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцогддог. Энэхүү үйлдэл нь санаатайгаар хууль зөрчиж байгаа хэрэг юм.
Манай улсад энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн тохиолдол цөөн байдаг. Хүний эрхийн үндэсний комиссоос холбогдох газруудад шаардлага хүргүүлдэг гэх боловч асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Түүгээр ч зогсохгүй хүүхдээр хурдан морь унуулах асуудал Монгол Улсын хэмжээнээс хэтэрч, Бага насны хүүхдүүдийг урагш нь хил гаргаж, хурдан морь унуулдаг далд бизнес цэцэглэж эхэлсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн 2016 оноос эхлэн унаач хүүхдүүдийг хурдан морь унуулах зорилгоор урд хөрш рүү хил давуулж эхэлжээ. Тухайн үед энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, хэсэг бүлэг хүмүүс Өвөрмонгол руу хүүхдүүдийг морь унуулахаар гаргадаг нь тогтоогдож байв.
Хүний эрхийн үндэсний комисс болон цагдаагийн байгууллагын хамтарсан судалгаанаас үзвэл зөвхөн өнгөрсөн онд гэхэд 169 хүүхэд урд хөршид буюу Өвөрмонголд хурдан морь унахаар хилээр гарчээ. Давхардсан тоогоор жилдээ 400 гаруй хүүхэд урд хөршид очиж хурдан морь унахаар хил давсан гэх мэдээлэл байдаг ч энэ асуудалд хэн нэгэн этгээд хуулийн хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байна.
Хүүхэд зуучилсан этгээдэд хариуцлага оногдуулах эрх зүйн орчин байдаггүй гэдгийг хуулийн байгууллагын эх сурвалж мэдээлэв. Тийм ч учраас хурдан морь унаач хүүхдийг хил гаргаж хөдөлмөр эрхлүүлэх асуудал улам бүр өргөжиж, БНХАУ-ын "Ви чат” олон нийтийн сүлжээнд "Хятад улсад хүүхдээр хурдан морь унуулна, цалин өндөр, амьдрах гэр тохилог” гэх зарууд өдөртөө хэдэн арваараа орж ирэх болжээ.
Энэ сарын 6-ны өдөр тус сүлжээнд байршуулсан зарын дагуу утасдаж зарим зүйлсийг тодрууллаа. (Бидний холбогдсон утас БНХАУ-ын дугаар боловч энэхүү дугаарыг монгол эмэгтэй барьдаг аж.сурв)
-Зарын дагуу ярьж байна. Унаач хүүхдийн цалин хэдэн төгрөг вэ? Ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Хүүхэд бага насных байвал сайн байгаа шүү. Дээд тал нь 10 настай байх хэрэгтэй. Мөн нутагтаа хурдан морь унаж байсан туршлагатай бол цалин сайн өгнө. Ерөнхийдөө хүүхдийн морь унах туршлагаас хамаарч нэг удаагийн уралдаанд оролцоход 350 мянгаас 600 мянган төгрөг өгнө. Хүүхдийн унасан морь айргийн тавд орвол илүү ч өгч болно.
-Хүүхдүүдийг хаана байрлуулах вэ? Эцэг эх нь хамт явж болох уу?
-Морио унуулах айлдаа байлгана. Суулгах гэр нь тохилог сайхан гэр бий. Харин эцэг эх нь хувиасаа зардлаа гаргаад явж болдог. Ихэвчлэн айл хотны хүүхдүүд хамтаараа ирдэг учраас ээж, аав нь хүргэж ирээд буцдаг.
-Эцэг эх нь байхгүй гэхээр хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хэн хариуцах болж байна вэ?
-Ээж аав нь хүүхдээ явуулахыг зөвшөөрсөн гарын үсгээ зурах шаардлагатай. Авч явсан айлын хүмүүс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хариуцна шүү дээ.
-Зар дээр есдүгээр сарын 1 хүртэл морь унуулна гэсэн байна. Энэ хугацаанд хэдэн уралдаанд оролцох вэ?
-Зуны саруудад хошуу, аймгийн наадам, морин уралдаанууд болдог. Хүүхэд морио сайн унавал аймгуудын уралдаанаар явж оролцоно. Бусад үедээ сунгаанд байна даа. Гурван сарын хугацаанд байвал хотын үзэмжтэй танилцуулж хүүхдүүдийг зугаалуулдаг шүү.
-Хүүхдүүд бэртэж гэмтсэн тохиолдол гарч байв уу?
-Өнөөдрийг хүртэл тийм тохиолдол гараагүй байгаа.
Ж.БЯМБАДОРЖ: НЭГЭНТ ХИЛ ДАВЧИХВАЛ БИД ЯМАР Ч
АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ
Ийнхүү урд хөршид өндөр цалинтайгаар морь унуулна гэх зар зуны улиралд идэвхжиж монгол хүүхдүүд хэдэн арваараа урд хөршийг зорих болжээ. Ихэвчлэн Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудаас хүүхдүүдийн эцэг, эх нь туслах малчнаар авч гараад морь унуулдаг болох нь тогтоогдож, нэг хүүхэд 5-6 удаа, зарим нь 20 удаа хилээр гарч урд хөршид очиж морь унасан гэх мэдээллийг албаныхан өгч байна.
Энэ талаар ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж "Хүүхдүүд эргэж эх орондоо эсэн мэнд ирсэн ч хүний нутагт очоод ямар ажил хийснийг бид мэдэхгүй. Хүний наймаанд ч өртөж болзошгүй. Тиймээс хүүхдүүдээ морь унуулахаар хилээр гаргахгүй байх ёстой. Нэгэнт хил давчихвал бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Тэд амьдралын боломж муутай айлын хүүхдүүд байсан” хэмээн ярьсан юм.
Тус комиссын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн ахлах референт Л.Дүгэрсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн онд унаач хүүхдүүдийг урд хөрш рүү гаргасан тухай мэдээлэл гарч байсан. Тухайн үед хэдэн хүүхэд гарч байв?
-Дорнод аймгийн Хавирга, Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор энэ оны 5-9 дүгээр сард хүүхдүүдийг хурдан морь унуулахаар БНХАУ руу гаргасан байдаг. Тэдгээр хүүхдийн зарим нь хил гараад 1-2 хоноод буцаж ирсэн байхад олонхи нь 1-3 сарын хугацаагаар тус улсад амьдарсан гэсэн мэдээлэл бий. Бичигт боомтоор хил давсан хүүхдүүдийн найм нь хурдан морь унах зорилгоор гарсан гэж визний мэдүүлэгтээ албан ёсоор бичжээ. 169 гэдэг бол давхардсан тоо. 23 хүүхэд хилээр хэд хэдэн удаа орж гарсан гэсэн үг. Тэдний зарим нь хилээр сард 5-6 удаа нэвтэрсэн байхад хоёр улсын хооронд 10-20 удаа зорчсон хүүхэд ч бий.
-Энэ жилийн хувьд тийм асуудал гарсан уу?
-Өнөөдрийн байдлаар тийм асуудал гараагүй байна. Өмнөх жилүүдэд морь унах зорилгоор цөөн тооны унаач хүүхдүүд гарч байсан боловч өнгөрсөн оных шиг тийм олноороо хил давсан тохиолдол байгаагүй.
-Тэд эцэг, эхтэйгээ хамт явсан уу?
-Эцэг, эх, ах, эгч болон харгалзах хүмүүстэйгээ явсан. Хурдан морь унадаг, 7-14 насны хүүхдүүд байсан.
-Хурдан морь унуулах нэрийдлээр хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэх, хүний наймаанд ч өртүүлж болзошгүй гэх хардлага байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Хурдан морь унуулна гэж хил гаргаж байгаагийн цаана ямар нэг асуудал байж болзошгүй. Тиймээс хууль хяналтын байгууллага үүнийг анхааралдаа авч, маш сайн тодруулан, шалгах хэрэгтэй. Хүнд хөдөлмөр эрхлүүлж, мал маллуулан, албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй. Цаанаа очоод юу хийлгэж буйг нарийвчлан шалгах ёстой. Эргээд ийм байдлаар хил гаргахгүй гэх баталгаа байхгүй.
-Уралдаж байхдаа гэмтэж, цаашлаад амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ?
-Хараа хяналтгүйгээр гадаад руу явуулсан бол эцэг, эх, ямар нэгэн асуудал гарвал морины эзэд хариуцлага хүлээнэ. Хэдэн төгрөг олохын төлөө хүүхдээ эрсдэлд оруулж болохгүй.
Б.ЦОГ
http://medee.mn/main.php?eid=93625
7 сэтгэгдэл