|

ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ ЁС

 

Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар нэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүухдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ.

Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай.

Мөн хүүхдийн даахь (өрөвлөг) үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч

Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа ачтай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олныхоо манлай болж яваарай гэх мэтээр хүний амьдралын агуулгын талаарх монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг.

1 сэтгэгдэл