|

“Эхийн сүүний банк” байгуулах хуулийн төсөл дэмжигдэв

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ долоо хоногт хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр тайлбар хийсэн билээ. Тэрбээр "Эхийн сүүгээр хооллох асуудал жил ирэх тусам багасч байгаа.


Үүнтэй холбоотой хүүхдийн эрх зөрчигдөж байна. Ярьж чадахгүй хүүхдэд эхийн сүү орлох бүтээгдэхүүн өгч байна. Тиймээс ДЭМБ-ын XIX чуулганаар гарсан зөвлөмжийн дагуу хуулийн төслийг өөрчлөх шаардлага гарч байгаа. "Төрийн хэлний нэвтэрхий толь”-д 0-1 насны хүүхдийг нялх хүүхэд, 1-3 насны хүүхдийг балчир хүүхэд гэнэ гэж тайлбарласан байдаг.

Тиймээс толь бичгийн нэр томьёоноос үүнийг аваад нялх балчир хүүхдийн хоол ундны асуудлыг хуульчилж өгөх нь зөв юм гэж үзээд боловсруулсан. Хууль үйлчилснээр ээж хүн хүүхдээ эхийн сүүгээр хооллох ёстой.

Ээжгүй, эх нь эндсэн, олдмол хүүхдүүдэд зориулсан "Эхийн сүүний банк” байгуулж, хүүхдүүдийг тэжээх боломж нөхцөл бүрдүүлнэ. Үнэхээр эхийн сүүгээр тэжээгдэж чадахгүй хүүхдүүдийг эмчийн хяналт доор нялх хүүхдэд зориулсан хоол хүнсээр өсгөж бойжуулах асуудлыг зохицуулж өгч байгаа юм” гэв. Дээрх хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, байнгын хороонд шилжүүлэв.

19 сэтгэгдэл