|

Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ?

Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ?

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд хоёр сар болох гэж байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан анхааруулж байгаа билээ.  Тиймээс элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг хүргэж байна.
 
ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЛЭЭ МЕССЕЖЭЭР ХҮЛЭЭЖ АВААРАЙ
 
Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэгчдээ уламжлал ёсоороо  www.eec.mn цахим хаягаар бүрт­гэж байгаа.  Иймд шалгалтын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус төвийн мэргэжилтнүүдээс болон  75779498 дугаарын утсаар асуугаарай. Эднийх саяхан элсэлтийн ерөнхий шалгалтын системийг боловсронгуй болгох зорилгоор элсэгчдэд хэрэгтэй бүхий л мэдээллийг гар утсаар хүлээж авах шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Элсэгчид энэхүү үйлчилгээг авахдаа онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт хүсэлт явуулах юм байна.   Хоёрдугаарт, элсэлтийн  шалгалтанд орохын өмнө хэдийд ч бүртгэлийн хуудсаа хэвлэн авч болох бөгөөд заавал баталгаажуулсан байх ёстой. Мөн бүртгэл хаагдахаас өмнө стандартын шаардлага хангасан зургаа оруулаарай гэдгийг сануулж байна. Хэрэв та цахим бүртгэлийн явцад бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол дараах кодыг мессежээр илгээж,  өөрт хэрэгтэй мэдээллээ  аваарай. 
•Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016
•Нууц код сэргээх: psw 85011016
•Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016
•Суудлын хуваарь харах: sid 85011016
•Дүн оноо харах: dun 85011016
• Шалгалтын хуваарь харах гэх мэт үйлчилгээг авах боломжтой.
 
АНГЛИ, ОРОС ХЭЛНИЙ ЖИШИГ ДААЛГАВРУУД БАЙРШЖЭЭ
 
Элсэгчдэд бас нэгэн нэмэлт мэдээлэл дуулгахад, 2017 оны ЭЕШ-ын журамд заасны дагуу монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдийн шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг сорьсон даалгавар нэмэгдэж орно. Үүнтэй холбоотойгоор шалгалтын бүх байруудад сонсгох төхөөрөмж суурилуулан туршиж үзжээ.
Сонсгох төхөөрөмжийн ажиллагаа нь элсэгчдийн сурлагын амжилтад сөргөөр нөлөөлөхгүй, шалгалтын шаардлагад нийцнэ гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Тиймээс та бүхэн сонсоод ойлгох чадвар шалгасан жишиг даалгавраа сайн бэлдээрэй.  Боловсролын үнэлгээний төвийнхөн www.eec.mn  цахим хуудастаа англи, орос хэлний сонсох даалгавруудыг байршуулсан байна.


 Б.ТУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

398 сэтгэгдэл