Монгол Улсын Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/-ын шинэ технологи ашигласнаар зорчигчийг бүртгэх хугацааг хэмнэн, таних чадавхи нэмэгдэж, хилээр нэвтрэхэд саадгүй болжээ.
Тодруулбал, Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаад улсын иргэнийг бүртгэл хяналтын цахим төхөөрөмж ашиглан нэвтрүүлэх юм.
Цахим гарцаар шуурхай нэвтрэхийн тулд урьдчилан БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл бүхий НААЛТ хийлгэх юм. Ингэснээр ИРГЭН ТА цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж байна.
Бүртгэл:
Өдөр бүр ажлын цагаар буюу 08.00- 17.00 цагийн хооронд доорх газруудад бүртгэл хийгдэж байна.
1. "Чингис хаан” олон улсын нисэх буудал, Явагчийн танхимын №2 кабин
2. Дүнжингарав худалдааны төв дэх "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн №26 дугаар цонх
Бүрдүүлэх материал:
Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/
Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
Бүртгэл хийлгэх явцдаа баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авхуулах юм.
Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.
630 сэтгэгдэл