|

ЭЕШ-ЫГ НИЙСЛЭЛД 28, ХӨДӨӨ ОРОН НУТАГТ 22 БАЙРАНД АВНА

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас тогтсон цагтаа бүртгүүлэх ёстой юм байна.

Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
•         Цахим үнэмлэх
•         Чээж зураг
•         Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
•         И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ)

Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авна.

ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын "Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болох юм байна.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад, "Өмнөх хоёр жил туршилтын шугамаар авч байсан монгол хэл, англи хэл, орос хэл гэсэн хичээлүүд дээр сурагчдын сонсоод ойлгох чадварыг үнэлэх даалгаврыг үндсэн оноонд нөлөөлөх байдлаар оруулж өгсөн. Ингэснээр шалгуулагчдыг үнэн бодитой зөв үнэлэхэд дөхөм болно. Шалгалтыг Улаанбаатар хотод 28, хөдөө орон нутагт 22 шалгалтын байранд авна. Шалгалтын байруудыг хяналтын камер буюу дуран, сүлжээ сарниулагч төхөөрөмж, гар утас болон бусад төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхгүй байх үүднээс металл илрүүлэгч багаж, сонсох хичээлүүдэд зориулан нэгэн зэрэг сонсох зориулалттай сонсгох төхөөрөмж зэргээр хангаж хяналт тавьж ажиллана" гэв.

Нэг шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох батламжаас гадна ЭЕШ-ын батламж бас өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэг шалгуулагчид хоёр батламж олгона. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байна. Хоёр батламж хамтдаа байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болох юм байна.

0 сэтгэгдэл