|

Махны худалдаачид хуйвалдаж үнээ нэмдэг

Сар шинийн баяр дөхөж байгаа энэ цаг үед эрэлт, нийлүүлэлт нь эрс нэмэгдэж байгаа хүнсний гол нэрийн бараа бол мах. Тэгвэл энэ цаг үед махны үнэ огцом нэмэгдсээр байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 3800-5500 төгрөгийн үнэтэй мах өнөөдөр 4800-6700 болтлоо өссөн байна. Энэ үнэ цаашид өснө гэдгийг ч худалдаачид хэлж байгаа юм. Учир нь цагаан сараас долоо хоногийн өмнө махаа 1000-2000 төгрөг цэвэр нэмж зарна гэж хоорондоо ярилцах юм.

Өөрөөр хэлбэл, хоорондоо хуйвалдаж махны үнээ нэмдэг жишгийг худалдаачид тогтоодог юм байна. Хүчит шонхор, Хархорин, Барс-2, Баянзүрх захад мах үнэтэй байна. Яагаад гэвэл цагаан сарын бууз баншаа хийх гэсэн айл өрхүүд махаа худалдаж авч таараа гэсэн хандлагаар ханддаг юм байна. Үнэндээ махны наймаачид л мөнгийг хүүлдэг аж.

Өнөөдөр ашигтай сайн ажиллаж махаа зарж чадсан бол маргааш нь тодорхой хувиар буулгаж худалдаалахаа хоорондоо ярьцгаадаг тийм л хүмүүс. Одоо бууз баншаа хийх айлууд доод тал нь 5кг мах дээд тал 20-30 кг мах, мөн бүтэн хонины гулууз авдаг. Энэ хэрээр мөнгө нь талийх нь тодорхой. 6кг үхрийн махыг 6800 төгрөгөөр авлаа гэхэд 34000 болж байх жишээтэй.

Иргэдийн авдаг цалин нь хэд билээ, цалингийнхаа тэн хагасыг маханд явуулчихаар юугаар амьдарч, автобус унаандаа суух юм бэ. Хамгийн үнэтэй нь үхрийн мах нэг кг 6800 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл хамгийн хямд гэж боддог ямааны цул мах 3200-4800 хүртлээ өссөн байгаа юм. Адууны мах 4000 байсан бол өнөөдөр 5600 төгрөгийн үнэтэй. Хонины мах 4800-5500 хүртлээ өссөн байна. Махны ченжүүд худалдаачдад махаа 1000-2000 төгрөг нэмж өгдөг бол худалдаачид мөн 1000-2000 төгрөг нэмээд зарж байх жишээний.

Малаар баян Монгол Улс махны хэрэгцээгээ хангах бүрэн боломж бололцоо байгаа ч махны үнэ нь хаданд гарчихсан байгаа болохоор иргэдийн амьдрал тэр дундаа эдийн засагт нь хүнд дарамт болоод байж байгааг худалдан авагч нар хэлж байгаа юм. Худалдаачдын хувьд худалдан авагч нарт "Бид үнээ нэмээгүй, цаанаасаа мах ийм үнэтэй ирдэг болсон. Бид нэмж зардаггүй, харин ч үнэ буулгаж татуу өгдөг ш дээ” гэж хэнэг ч үгүй мэлзэнэ. Үнийн хөөрөгдлийг тэд хийдэг болохоос малаа зарсан малчид биш юм. Дунд нь махны ченжүүд нэмнэ, дээрээс нь худалдаачид өөрсдөө нэмж байна. Ер нь хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс мах хамгийн их өсөлттэй бас эрэлттэй байгаа нь үнэн. Махны худалдаачид өдөрт хэдэн саяар нь халаасладаг нь үнэн. Өдөр доод тал нь 500 мянган төгрөгтэй буухаар тэд "Өнөөдөр муу өдөр байлаа сая хүргэж чадсангүй ш дээ” гэж өөр зуураа ярилцана.

Үнэндээ малчид нэг кг үхрийн махыг ченжүүдэд 4000-5000 төгрөгөөр худалдаалдаг. 4000-5000 төгрөгөөр худалдан авсан махаа ченжүүд харин 5500-6500 төгрөгөөр захын худалдаачдад зардаг байна. Харин худалдааны төвийнхөн 5500-6000 төгрөгөөр авсан үнэн дээрээ 2000 төгрөг нэмдэг. Үхрийн мах цаашид 8000 төгрөгт ч хүрч мэдэхээр байна. Хавар болохоор иргэд махаа кг-аар нь авдаг тул бас ийм л үнэтэй байна гэдгийг ч худалдаачид хэлж байв.

О.Сайхан

410 сэтгэгдэл