|

“Ногоон”-ы ханш тогтворжих хүлээлт

"Ногоон”-ы ханш төгрөгийн эсрэг чангарсан хэвээр. Энэ үзэгдэл 2013 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна. 

Үр дүнд нь зах зээлд төгрөг хямдарч, ам.долларын эрэлт үүсэв. Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ханшийн төлөв чигээ тодорхойлж байна. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш нэг жилийн хугацаанд 24.4 хувиар огцом суларчээ. Энэ нь төгрөгийн хувьд тун таагүй мэдээ. Угтаа төгрөгийн цалинтай, төгрөгөөр худалдан авалт хийдэг хүн болгоны хувьд дээрх уналт хүндхэн тусаж буй нь мэдээж.

Эдийн засгийг дэмжих "вакцин” нь хөрөнгө оруулалт

Тодруулбал, жилийн өмнө 1996.77 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр даруй 500 орчим төгрөгөөр нэмэгдэн, 2490 төгрөгийн босгыг давж, огцом чангарсан байна. Монголын эдийн засагт төгрөг бус ам.доллар ноёлж байгаа нь энэ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байгаа нь манай улсын эдийн засаг улам доройтож буйн шинж. Үүнийг сөрөхөд эдийн засгийн тамир тэнхээ хүчин мөхөсдөх аж.

Засгийн газрын зүгээс энэ байдлыг зүгээр хараад суусангүй, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд цөөнгүй ажил хэрэгжүүлж байна. Тодруулбал, "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд мега төслүүдийг хөдөлгөх алхмыг "Тавантолгой”-н хэлэлцээрээр эхлүүллээ. Хэлэлцээр ид үргэлжилж байна. Үүнээс гадна Олон улсын валютын санд хандаж байгаа. Эдгээр ажлын үр дүнд дунд хугацаанд ам.долларын ханш тогтворжиж, одоогийн түвшнээс ялимгүй буурна гэсэн таамгийг зарим эдийн засагч дэвшүүлж буй. Тэгэхээр ам.долларын ханшаас огцом өсөлт хүлээхэд эртдэх нь. Гэхдээ гадаад зээлийн эргэн төлөлт шахуу байгаа нь ам.долларын олдоц хомсдох, улмаар ханш чангарах бодит эрсдэлийн нэг хэвээр байна.

Төгрөгийн ханш уруудах хэрээр гадаад зах зээлээс худалдан авч буй бараа, бүтээгдэхүүний үнэ жамаараа өсөж байгаа. Ханш сулрахын нэг давуу тал нь бидний үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний олон улсын экспортын зах зээлд өрсөлдөх чадварт онцгой нөлөө үзүүлэх аж. Үүнээс өөр эерэг нөлөө гарах боломж тааруу юм.

Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш сулрах нь гадаад зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралт, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон төлбөрийн тэнцлээс үлэмж хамаарч ирсэн байдаг. "Оюутолгой”- н хөрөнгө оруулалт 2013 онд зогсож, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум болж буурсан нь ам.долларын ханш чангарахад нөлөөлсөн тохиолдол бий. Өнөөдрийн ам.долларын ханшийн огцом өсөлт, төгрөгийн газардалт нь эндээс эхтэй билээ.

Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2490 төгрөгийн босгыг хэдийнэ алхаад байна. Энэ нь импортын хэрэглээнд бүхнээ даатгасан монголчуудын хувьд үнийн өсөлтөөр эрс мэдрэгдэх болов. Тодруулбал, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.1 хувиар өссөн байна. Гэтэл өрхийн орлого тайлант сард үнийн өсөлтөөс илүү гарч чадсангүй. Үндэсний статистикийн хорооны мягмар гарагт танилцуулсан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс үүнийг харж болно. Харин ам.долларын ханшаар хэмжиж үзвэл өрхийн орлого хоёр дахин багасжээ. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурч буйн дохио.

Валютын ханшийн хямралд өвдөг сөхрөөд буй манай улсын эдийн засгийн "дархлаа”-г сайжруулах "вакцин” нь чухамдаа хөрөнгө оруулалт болоод байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь Монгол Улс бүсээ чангалахад хүргэсэн. Ийм үед валютын нөөцөө нэмэгдүүлэх сорилтын өмнө төв банк ирлээ. Гол найдвар нь алт болж байна. Манай улсын гадаад валютын албан нөөц импортын дөрвөн сарын хэрэгцээг хангах хэмжээнд буй. Энэ нь тоон дүнгээр 1.3 тэрбум ам.доллар.

Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар ханшийн төлөв чигээ тодорхойлж байна

Валютын нөөц сарын өмнө ийн 25 хувиар нэмэгдэхэд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өссөн нь голлох нөлөө үзүүлж, нөөцөө зузаатгах боломжийг олгосон. Төв банк өнгөрсөн онд 738 сая ам.доллартай тэнцэх 18.3 тонн алт худалдаж авсан. Алтны тушаалт нэмэгдэх хэрээр цаашид валютын нөөц өсөх бололцоотой.

Үүнээс гадна зарим түүхий эдийн үнэ сэргэсэнтэй холбогдуулж экспортын орлого нэмэгдэх болсон нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлт эерэг гарахад нөлөөлөхөөр байгааг зарим эдийн засагч тодотгож байна. Өөрөөр хэлбэл, нүүрс, төмөр хүдэр, зэсийн баяжмалын үнэ цаашид өсөх нь чухал байгаа юм.

Энэ нь манай улсад орж ирэх валютын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч үнэ одоогийн түвшнээс уруудах тохиолдолд төсвийн орлого бүрдэх боломж багасна. Энэ нь ам.долларын ханш өсөхөд "гишгүүр” болж ирсэн.

  •  Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш нэг жилийн хугацаанд 24.4 хувиар огцом суларчээ.
  •  Гадаад зээлийн эргэн төлөлт шахуу байгаа нь ам.долларын олдоц хомсдох, улмаар ханш чангарах бодит эрсдэлийн нэг.
  •  "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийн хүрээнд "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов.

Ам.долларын ханш хөрөнгө оруулалттай үлэмж хамааралтай. Үүнийг Монголбанкнаас бэлтгэсэн "Ам.долларын ханшийн динамик” судалгаанд тэмдэглэжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014 онд мөн л уруудаж, 1.7 тэрбум ам.долларт хүрсний зэрэгцээ "Оюутолгой”-н хөрөнгө оруулалт зогссон байдалтай байсан. Ингэж хөрөнгө оруулалт муудаж байгаа үед ам.долларын ханш чангардаг зүй тогтол бий болоод удаж байна.

Харин гаднаас томоохон хэмжээний дүнтэй хөрөнгө оруулалт татах, зээл авах үед ханш суларч байсан тохиолдол их. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах утгатай гарсан нь валютын ханшийн дарамтыг улам нэмэгдүүлсэн талтай. 

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ

734 сэтгэгдэл