|

Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж, үнийг нэмсэн байж магадгүй

Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийг литр тутамдаа 80­ 100 төгрөг нэмсэн талаарх мэдээллийн дагуу "Шунхлай”, "Сод Монгол”, "Тэс петролиум” зэрэг хэд хэдэн станц дээр очиход үнээ нэмээгүй байлаа. Тодруулбал, хотын төв дэх "Шунхлай” шатахуун түгээх станц АИ92­1510, АИ98­ 1790, АИ95­1720, дизель түлш 1620 төгрөгөөр, "Сод Монгол” АИ92­1530, АИ95­1730, дизель түлш 1640 төгрөгөөр борлуулж байсан юм. "Шунхлай” компанийн түгээгч "Ямартай ч өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдээгүй. Зарим салбарт нэмсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн юм. Харин хотын зах руу байрлалтай "Шунхлай”, "Петровис”, "Магнай трейд”, "Сод Монгол” зэрэг шатахуун түгээх станцууд литр тутамдаа 50­150 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Энэ мэтээр шатахууны үнийг нэмсэн нь жолоочид төдийгүй иргэдийг гайхашруулав. Учир нь, Засгийн газраас шатахуун, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг өнгөрсөн сарын сүүлчээр дахин бууруулаад байхад холбогдох байгууллагад мэдэгдэхгүйгээр гэнэт нэмсэн нь "хөөрөгдүүлсэн байж магадгүй” гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Түүнчлэн монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болохын өмнөхөн шатахууны үнийг ийнхүү нэмснээр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Нефть импортолдог компаниудын төлөөлөл хоорондоо үгсэн хуйвалдаж, стратегийн гол бараа бүтээгдэхүүн болох шатахууны үнийг огцом буюу литр тутамд 50­150 төгрөгөөр нэмж буй нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байгаа хэрэг юм.

 

ЯМАР ШАЛТГААНААР ҮНИЙГ НЭМСНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

 

        Тиймээс нефть импортлогч компаниудын дээрх шийдвэрт холбогдох байгууллагынхан ямар байр сууринаас хандаж, хэрхэн хяналт тавьж байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Т.Чулуунбатаас тодрууллаа.

 

-Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг багагүй хэмжээгээр нэмчихлээ. Үнэхээр нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэв үү. Эсвэл баяр ёслолтой холбогдуулан үгсэн хуйвалдаад нэмчихэв үү?

 

-Засгийн газраас онцгой албан татварын хэмжээг удаа дараа багасгаж, зохицуулалт хийсэн боловч шатахууны энэ сарын импортын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа дахин 22-26 орчим ам.доллараар өсөөд байгаа юм. Үүнээс шалтгаалан импортлогч компаниуд үнээ өгсөсөн гэж бид харж байна. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн сарын 26-наас эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэлх төгрөгөөр өсгөөд байна. Тиймээс Ашигт малтмал газрын тосны газар болон ШӨХТГ руу албан тоот хүргүүлж, ямар үндэслэлээр үнээ нэмсэн, юу нөлөөлсөн, үнэхээр 50-150 хүртэлх төгрөгөөр нэмэх нь зүйтэй юү гэдгийг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн дүнг энэ долоо хоногийн сүүлчээр эсвэл ирэх долоо хоногийн эхээр олон нийтэд танилцуулна.

 

-Таны хэлснээр шатахууны энэ сарын импортын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа дахин 22-26 орчим ам.доллараар өссөн нь шатахуун импортлогч компаниудын хувьд үнэ нэмэх хангалттай шалтгаан байж чадах уу?

 

-Манайд нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэд гадаад талаас нөлөөлж буй гол зүйл нь импортын хилийн үнэ. Үүнийг манай талаас зохицуулах боломж байхгүй. Бид дэлхийн зах зээлийн үнийг дагаж, бараа бүтээгдэхүүнээ ам.доллараар импортолж авдаг. Дотоодод орж ирээд Монгол төгрөгөөр борлуулдаг. Дотоодод нөлөөлж буй нь татвар болон валютын ханш юм. Сүүлийн хагас жилийн хугацаанд Засгийн газар онцгой албан татварын хувь хэмжээг зохицуулсан. Гэтэл өнгөрсөн оны долоодугаар сараас өнгөрсөн арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Монгол төгрөгийн ханш 20 гаруй хувиар суларсан. Үүнийг дагаад жижиглэн борлуулалтын үнэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байсан. Хэрэв Засгийн газраас зохицуулалт хийхгүй өдийг хүрсэн бол литр тутамдаа 600 гаруй төгрөгөөр үнэ өсөх нөхцөл бүрдсэн байсан.

 

-Засгийн газраас шатахуун, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг удаа дараа бууруулан энэ талд зохицуулалт хийсэн нь шатахууны үнийн өсөлтийг тогтвортой барихад нөлөөлж чадахгүй байгаа хэрэг үү?

 

-Газрын тос экспортлогч ОПЕКийн гишүүн орнууд энэ оны эхний хагас жилд олборлолтынхоо хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, гишүүн бус ОХУ тэргүүтэй орнууд өдөрт 600 хүртэлх мянган баррелиар тус тус бууруулсан. Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 20 гаруй хувиар өссөн. Энэ нь манай улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнэд шууд хамааралтайгаар нөлөөлж байна. Энэхүү үнийн өсөлтөөс хамааран шатахууны энэ оны нэгдүгээр сарын импортын үнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа 41-60 орчим ам.доллараар өссөн. Энэ нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн. Тиймээс энэхүү үнийн өсөлт болон Монгол төгрөгийн ханш зэргээс хамаарсан тооцооллыг хийж, "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн гуравдугаар хуралдааныг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хуралдуулж, холбогдох зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн. Ингэснээр Засгийн газрын өнгөрсөн сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор төвийн бүсээр импортолж буй дизель түлш, шатахууны онцгой албан татварын тоо хэмжээг 110-130 мянга, зүүн бүсээр импортолдог шатахууны онцгой албан татварыг 30-50 мянган төгрөгөөр буулгаж, зохицуулсан. Харин баруун бүсийн импортын хувьд 2015 оны арваннэгдүгээр сараас хойш ямар нэгэн байдлаар өнөөг хүртэл онцгой албан татварын зохицуулалт хийгээгүй. Энэ нь тухайн үед онцгой албан татварыг тэгээр тогтоосонтой холбоотой.

 

БАРУУН АЙМГУУДАД ШАТАХУУНЫ ҮНИЙГ 100-150 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

 

         Дээрх мэдээллийн дараа бид ШӨХТГ-ыг зорилоо. Аливаа бараа бүтээгдэхүүн болон тэр дундаа стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш богино хугацаанд багагүй хэмжээгээр нэмэгдэж буйд хяналт тавих, нэмсэн үндэслэл нь бодит эсэхийг тогтоох ёстой газар бол эднийх. ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол "Засгийн газар онцгой албан татварын хувь хэмжээгээр шатахууны жижиглэнгийн үнийг зохицуулдаг. Харин хилийн үнэ хямдарч, ам.долларын ханш буурах үед нь онцгой албан татварынхаа хэмжээг нэмэгдүүлж байсан үе бий. Энэ удаад онцгой албан татварын хэмжээг тодорхой байдлаар бууруулсан. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудад шатахууны үнэ лирт тутамдаа 100- 150 төгрөгөөр нэмэгдсэн. Сэлэнгэ аймгийн боомтоор оруулж ирдэг шатахууны хувьд мөн адил нэмэгдэж эхэлж байгаа. Нийслэлд "Шунхлай”, "Магнай трейд”, "Петровис” компани зарим шатахуун түгээх станцынхаа үнийг нэмсэн гэсэн мэдээлэл байна. Тиймээс үнэхээр ийм хэмжээгээр шатахууны үнийг нэмэх шаардлага бий болсон уу эсвэл далимдуулаад хэт өндрөөр нэмсэн үү гэдгийг тогтоохоор хяналт шалгалтын ажлыг хийж эхэлсэн. Шалгалтын эцсийн дүн гарахаар олон нийтэд мэдээлнэ” гэв. Ямартай ч компаниуд шатахууны жижиглэнгийн үнээ бодитойгоор нэмсэн үү эсвэл хөөрөгдүүлсэн үү гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон ШӨХТГ-ынхан хамтран шалгаж эхэлсэн байна. Засгийн газрын тогтоолоор авто бензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс 50 мянга, дизель түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм. Гэвч хэд хэдэн компани ийнхүү шатахууны үнээ багагүй хэмжээгээр нэмээд байна. Үүнд жолоочид ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Тэд шатахууны үнийг нэмэх үндэслэлгүй гэж үзэж байв. Тухайлбал, Д.Дамбажамц "Өнөө / өчигдөр/ өглөө нисэхийн спортын ордны хойно байдаг "Сод Монгол”- оос шатахуун авахад АИ92 1640 төгрөг болсон байна билээ. Хэзээ, хэдэн төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар асуухад "Уржигдар /энэ сарын 4/ өглөөнөөс литр тутамдаа 110 төгрөгөөр нэмсэн” гэсэн. Харин хотын төв дэх салбарынхаа үнийг нэмээгүй юм байна. Засгийн газраас онцгой албан татварын хувь хэмжээг бууруулаад байхад тэд ингэж нэмж болохгүй. Магадгүй цагаан сар болох гэж байгаа учир хөөрөгдүүлж нэмсэн байх талтай” гэв.

 

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД БҮХ САЛБАРЫНХАА ҮНИЙГ НЭМЭЭГҮЙ НЬ ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА

 

        Шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх гэж байгаа талаараа холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдээгүй төдийгүй эхний ээлжид хотын захад байрлах салбаруудынхаа шатахууны үнийг нэмсэн нь яалт ч үгүй үгсэн хуйвалдсан байж болзошгүйг харуулж байна. Хэрэв шатахууны энэ сарын импортын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа дахин 22-26 орчим ам.доллараар өссөн зэрэг нь үнэ нэмэх зайлшгүй шалтгаан байсан бол үндэслэлээ тайлбарлаж, нэгэн зэрэг нэмэгдүүлэх ёстой баймаар. Гэтэл эхний ээлжид хоёр, гурван компани үнээ нэмсэн нь цаанаа нэг учиртай байгааг илтгэж байна. Учир нь, шатахууны үнэ нэмэх нөхцөл бүрдээгүй байхад нэгэн зэрэг нэмчихвэл үгсэн хуйвалдсан гэдэг нь нотлогдож, хариуцлага хүлээх асуудал үүсэх тул хэсэг хэсгээрээ хотын захаасаа эхлэн нэмэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байж болох. Үүнийг бас нэгэн жишээгээр тайлбарлаж болох юм. "Сод Монгол”, "Шунхлай”, "Петровис” зэрэг компани хотын зах дахь шатахуун түгээх салбарынхаа үнийг нэмсэн атлаа хотын төв хэсгийн салбарынхаа үнийг нэмээгүй байгаа юм. Энгийнээр тайлбарлахад нэгэнт л нэг компанийн салбар учир үнээ адилхан л нэмэх учиртай баймаар. Энэ мэт үгсэн хуйвалдаж, олон нийтийг хууран мэхэлж буй шатахуун импорлогчдын толгойг илэн хариуцлага тооцохгүй өнгөрч боломгүй санагдсаныг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

 

С.Юмсүрэн

Монголын үнэн

148 сэтгэгдэл