Дэлхийн харшилтай тэмцэх долоо хоног тохиож буйтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх Поликлиникийн Арьс, харшлын эмч Э.Нарантуяатай ярилцлаа.
1. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Өөрийгөө танилцуулна уу? Мөн ХАРШЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ тохиож байна. Энэ өдрийн тухай мэдээллээр ярилцлагаа эхлье?
Намайг Э.Нарантуяа гэдэг. 1991-1997 онд АУИС-ийн эмчилгээний анги төгсөөд БЗД-ийн Хүн төвт өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр ажлын гараагаа эхэлж байсан. 2004 оноос одоог хүртэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд Арьс харшлын эмчээр ажиллаж байна. Харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан Дэлхийн харшлын байгууллагаас "Дэлхийн харшлын долоо хоног”-ийг 2018 оны 04-р сарын 22-28ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
2. Урин дулааны улиралд ургамлын тоос, нарны харшлын өвчнөөр хүүхэд, том хүнгүй өвддөг шүү дээ. Одоо ачаалал эрс нэмэгдэж байна уу? Та өдөрт хичнээн хүн үздэг вэ?
Өдөрт дунджаар 35-40 гаруй хүн үзэж оношилдог. Ургамлын, тоосны харшлын хувьд дөрөвдүгээр сараас 10-р сарын эхэн хүртэл улирлын шинж чанартай явагддаг. Мод ургамлууд хэдэн сард тоосоо гөвдөг талаар та бүхэн доорхи хуанлигаас харж болно.
3. Ургамлын тоосны харшил хамгийн түгээмэл байдаг гэж ойлгож болох уу? Энэ харшлын өвчин хэрхэн үүсдэг вэ?
Дэлхийн хүн ам жил ирэх тутам янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30%-ыг ургамлын тоосны харшил эзэлж байна. Мод, хөл газрын ургамлын тооснууд хамар, нүд, чих, хоолойн салстад нэвтэрч бие махбодын хэт мэдрэгших урвал үүссэнээр илэрдэг харшлын өвчин юм. Нүдний салст улайж, хавагнана, загатнана, нулимс гоожих, хамрын салст хөөж, хавагнана, битүүрнэ, шингэн нус гоожно, арьс салст улайж, хавагнана, тууралт гарах, загатнах шинж тэмдгүүд илэрдэг.
4. Хүмүүс өөрийгөө ургамлын тоосны харшил болон бусад төрлийн харшилтай гэдгээ яаж мэдэх вэ? Урьдчилан сэргийлэх арга, зөвлөгөө өгнө үү?
Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл яаралтай харшлын мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг. Харшлын эсрэг эмийн бэлдмэл хэрэглээгүй байх үедээ харшлын сорил тавиулах боломжтой.
Харшил үүсгэгч ургамал тоосоо гөвж цэцэглэхээс нь өмнө амьдарч буй хашаа болон эргэн тойрондоо шарилжгүй байлгах, Мөн өглөөний 06-09 цагт, оройны 20-22 цагт тоос агаарт ихээр цацагдах тул маск зүүнэ, цонх онгойлгохгүй, цонх онгойлгох үедээ нойтон марлиар цонхоо хааж байх.
5. Харшлын өвчин бүрэн эмчлэгддэг үү?
Өнөөг хvртэл харшлыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зохистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой.
6. Ургамлын тоосны харшлыг эмчлүүлэхгүй хугацаа алдвал ямар сөрөг үр дагавар гарахыг хэлж өгнө үү?
Гуурсан хоолойн багтраа өвчин буюу астма өвчин болж хүндэрнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээг улирал угтуулж хийлгэх ёстой.
7. Угтуулах эмчилгээг хэзээ хийлгэвэл зохистой байдаг вэ?
Угтуулах эмчилгээ нь тухайн үүсгэгчээр нь хийсэн вакцин эмчилгээ бөгөөд харшлын сэдрэлт өгөхөөс өмнө буюу 3 сарын сүүлч 4 сарын эхээр хийдэг. Өвчилсөн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийлгээрэй.
8. Цаг гаргаж зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!
126 сэтгэгдэл