"Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног” өнөөдөр эхэллээ. Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр уг эмэнд тэсвэртэй "супер бичил биетнүүд” бий болж дараагийн удаа антибиотик хэрэглэхэд эмчилгээ ямар ч үр дүнгүй болох аюултай. Уг долоо хоног энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Нээлтийн үеэр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "НҮБ-аас антибиотикийг зохистой хэрэглэдэг болгохоор долоо хоногийн аянг өрнүүлж байна. Бид антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байна. Антибиотикийг дураараа, хэмжээ, хязгааргүй хэрэглэснээр ямар нэгэн өвчин туслаа гэхэд ямар ч эм үйлчлэхгүй болох магадлалтай. Тиймээс антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэхэд иргэд, эрүүл мэндийн яам ажиллах шаардлагатай” гэлээ.
Аян хүрээнд дараах гурван уриалгыг гаргасан. Нэгдүгээрт, зөвхөн эмчийн бичиж өгсөн антибиотикийг хэрэглэх. Эмчилгээгээ дутуу орхилгүй бүрэн, гүйцэд хийлгэх. Хоёрт, нянгийн тархалтаас сэргийлэх, антибиотикийн хэрэглээг хязгаарлахын тулд эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадлыг хэвшүүлэх. Гуравдугаарт, антибиотикийг хариуцлагатай хэрэглэхэд найз, гэр бүлийнхэндээ туслах юм.
0 сэтгэгдэл