|

Дональд Трамп: Шүүгчид ажил хийлгэхгүй байна

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалын бодлогын талаарх өөрийнх нь гаргасан зарлигийн үйлчлэлийг сэргээхээс татгалзсан шүүгчийн шийдвэрийг шүүмжлэв. Тэрбээр хэлэхдээ "үүнээс чинь болоод манай улс аюулд өртөж байна" хэмээн мэдэгдэв.
 
"Шүүгч манай улсыг ийм аюулд оруулж байгаад би үнэхээр итгэж чадахгүй байна. Хэрвээ ямар нэгэн юм болох юм бол шүүхийн тогтолцоогоо л буруутгаарай. Хүмүүс асар олноороо ирж байна. Их муу байна!” гэж тэрбээр твиттертээ бичжээ.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ "манай улсад ирж буй хүмүүсийг бүгдийг нь маш сайн шалгахыг би үндэсний аюулгүй байдлын албаныханд даалгасан” гэв.
Үүний өмнөхөн буюу ням гарагт АНУ-ын Давж заалдах шатны шүүх Трампын зарлигийн үйлчлэлийг нэн даруй сэргээхийг шаардсан ерөнхийлөгчийн засаг захиргааны хүсэлтээс татгалзсан билээ.
 
Үүнийг тайлбарлаваас, Трампын хориг нь Хууль зүйн яамнаас гаргасан давж заалдах өргөдлийг авч хэлэлцэж дуусах хүртэлх хугацаанд үйлчлэхгүй гэсэн үг юм.
Зарлигийн үйлчлэлийг түр зогсоох шийдвэрийг Сиэтлийн Холбооны шүүх 2 дугаар сарын 4-нд гаргажээ. Уг зарлигийг хүчингүй болгох тухай Вашингтон муж улсын прокуророос гаргасан нэхэмжлэлийг авч хэлэлцэн шийдвэрлэхээс нааш зарлиг хүчин төгөлдөр бус байх болно гэж шүүгч тайлбарласан байна. Тэрбээр хэлэхдээ "цагаачлалтай холбоотой зарлиг нь Үндсэн хуульд харшилж байгаа" гэдгийг онцлон дурдлаа.
 
Сиэтлийн шүүхийн шийдвэр гарангуут Америкийн виз олгох эрхтэй байгууллагууд шинэ зарлигаар хүчингүй болгосон визээ сэргээж эхэлсэн байна. Зарлиг гарснаас хойш урьд нь олгоод байсан нийт 100 мянга орчим Америкийн визийг хүчингүй болгоод байжээ.
 
Цагаан ордныхон өмнө нь уг зарлигийг улс орноо хамгаалахад чиглэгдсэн зүй  ёсны, хуульд нийцсэн баримт бичиг мөн гэж мэдэгдэж байсан юм.
Энэхүү зарлигаар Судан, Йемен, Ливи, Сомали, Ирак, Иран, Сирийн иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд орохыг хориглосон юм. Мөн түүнчлэн Сирийн дүрвэгчдийг хүлээн авахыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон ба бусад улс орнуудаас дүрвэгчдийг хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногоор зогсоожээ.
Уг зарлигт гарын үсэг зурсан нь дэлхий даяар ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
 
О. Барс
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

78 сэтгэгдэл