|

Сурагчдын амралтыг сунгаж, архи зарахыг хориглосон долоо хоног

Сурагчдын амралтыг сунгаж, архи зарахыг хориглосон долоо хоног 

Сурагчдын амралтыг сунгалаа

БСШУСЯ-наас цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаа мөн ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан нийслэлийн 1-12 дугаар ангийн сурагчдын амралтыг сарын энэ 30-ныг хүртэл долоо хоног сунгалаа. 

Харин их дээд сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.

Хөдөө орон нутгийн хувьд Завхан болон Ховд аймгийн Засаг дарга нараас хүйтний эрс чангарч байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд тушаал гаргаж, дээрх хоёр аймгийн сурагчдын хичээлийг мөн долоо хоногийн хугацаатай сунгасан байна. Бусад аймгийн удирдлагуудаас сурагчдын амралтыг сунгах талаар хүсэлт ирүүлээгүй тул товлосон хугацаандаа хичээллэж эхэлсэн байна.

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож, сар бүрийн 20-ноос хойш олгоно

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамарсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон. Тодруубал, Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгож, хүсэлт гаргаснаар сар бүрийн 20-ны өдрөөс хойш мөнгөө авах боломжтой юм байна.

Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Харин бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулах юм байна.

Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгох аж.

Нялх хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хуульчилна

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг оролцсон гишүүдийн 92.7 хувь нь дэмжлээ.

Тодруулбал, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйл, бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт зэргийг нарийвчлан тусгажээ.

Таван хүн харамсалтайгаар амиа алдлаа

Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд таван иргэн хордож амиа алдсан. Тэдний амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэх урьдчилсан таамаг байгаа юм.

Үүнтэй холбогдуулан, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл буюу 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргав.

Өнөөдрөөс хорио дуусч архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд хэвийн үйл ажиллгаагаа явуулж байна.

Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож буурууллаа

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдрөөс эхлэн ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр гаргалаа.

Тэрбээр энэ талаараа "Улсын хэмжээнд 378 мянган тэтгэвэр авагч байгаагаас 60 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ нь иргэдэд санхүүгийн дарамт учруулдаг тул ХНХЯ-наас өнгөрсөн долоо хоногт Хаан болон Төрийн банктай зээлийн хүүг 15 хувь болгохоор тохиролцож гэрээ байгуулжээ. Энэхүү хоёр банкаар нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг байна. Өнөөдрөөс 1-6 сар хүртэлх хугацаатай зээл авах иргэд 15 хувийн хүүтэй зээл төлөх юм. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавалж төлж дуусгах ёстой бөгөөд дахин зээл авах тохиолдолд 15 хувь руу бууруулна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ

Монголын баячуудын гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан байна. Хулгай хийсэн этгээдийг барьсан бөгөөд БНСУ-ын иргэн зартай хулгай Пак гэгч байжээ.

Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан зартай нэгэн аж.

Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Тиймээс хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад "Бусад холбогдогчийг нь тогтоогоогүй байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил зэрэг айлынх байгаа аж.

Арван хоногтой нярай хүүхдийг зүүгээр шивж хүнд гэмтээв

Сүүлийн үед төрүүлсэн эцэг эх нь, төрсөн үр хүүхдээ хөнөөх явдал ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд төрөөд 10 хан хонож буй нярай хүүхдээ төрсөн эх нь хөнөөхийг завдсан хэрэг Баянхонгор аймагт гарчээ.

Тодруулбал, Төрсөн ээж нь дөнгөж төрсөн 10 хоногтой нярайн биеийн бүх хэсгийг зүүгээр шивсэн байсныг яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.

Одоогоор хүүхдийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд Улаанбаатарт ирсэн эмчлүүлж байгаа аж. Тус хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

74 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаархорооны нутаг байрлах 24 дүгээр байрны орцонд 74 настай иргэн Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийнхуулийн 147 дугаарзүйлийн 147.2 дахь хэсэг тзааснаар Л.Амаржаргалд 6 жил, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт тус бүр 5 жил 1 cap хорихялоногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Т.Гэрэл

258 сэтгэгдэл