|

Драмын театрынхан утааны эсрэг нэгдлээ

Улсын драмын эрдмийн театрынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Улаанбаатар хотыг гамшгийн хэмжээнд аваачаад байгаа утааны эсрэг нэгджээ. Урлаг нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна урлагийнхан олонд үлгэр дуурайл болдог учир тус театрынхан соёл, урлагийн салбарынхныг аюулын харанга дэлдээд байгаа утааны эсрэг өөрсдийн хийж чадах бүхнээрээ туслаж, нэгдэхийг уриалж байгаа юм байна.


Эдний хамт олон одоогоос 6 жилийн өмнө утаа ихсэж байгааг анхааруулж, "Пролайн” гэрэл зургийн студийнхэнтэй хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байсан удаатай. Мөн "Элэгний хорт хавдрын эсрэг аян”-д нэгдэж, тоглолтынхоо орлогыг ч хандивлаж байсан юм.
 
 Тэгвэл энэ удаа "Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”, "Амьдрал тэгш монгол” ТББ-уудтай хамтран утаатай тэмцэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд тус театрын жүжигчдийн төлөөллөөс энэ сарын 28-нд болох "Утааны эсрэг жагсаал”-д нэгдэж, олон нийт, төрийн өндөрлөгүүдэд үгээ хүргэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Мөн ирэх сарын 3-нд нээлтээ хийхээр бэлтгэлээ хангаад байгаа "Царцаа намжил” хүүхдийн жүжгийнхээ үеэр утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар богино хэмжээний зөвлөгөөг хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ хүргэхээс гадна олон олон гэнэтийн бэлэг бэлтгэжээ. Энэхүү үйл ажиллагааны мэдээллийн ивээн тэтгэгчээр АСК мэдээллийн сайтуудын клубын хамт олон ажиллаж байгаа юм байна. Тус клубт Zaluu.com, Amjilt.com, Tsenzurgui.mn, Zuv.mn, Shuurhai.mn, Jirgee.mn, Unen.mn, Info.mn, Top.mn, Assa.mn, Ontslokh.mn, Tsag.mn, Gereg.mn зэрэг мэдээллийн сайтууд хамрагддаг. 
 
Дашрамд, их зохилоч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сарын 19, 20, 21, 22-ний өдрүүдэд дахин тоглохоор болсон гэдгийг дуулгахад таатай байна.

68 сэтгэгдэл