Амархан хөлжих хүсэлгүй хүн гэж байдаггүй. Гэвч амьдрал хүн бүрийн хүсдэг шиг амархан баяжих боломжоор хомс. Байж болох хувилбар бүр ардаа асар том эрсдэл дагуулдаг. Мөрийтэй тоглоом бол амархан баяжих хүсэлтэй этгээдүүдийг даллан дууддаг эрсдэлтэй мөртөө баяжиж магадгүй "амар” замуудын нэг. Өнөөдөр Монгол улс нүүрсээ боловсруулж, ган хайлж, үйлдвэрлэл хөгжүүлэхээс арай амраар баяжих хүсэлд автагдаад байна. Хүн бүр ажлаа хийхээс илүүтэй бизнес хиймээр санагдана. Улс орон төсвийн зөв бодлого явуулах тухай бодохоос өмнө казинотой болох гэж үзэж тарна. Казиногоор улс орон хөгжиж дэвшдэг тухай ойгүй олон жишээ гаргаж, элдэв янзын олон тэгтэй тоо үзүүлж түүнээ үнэмшилтэй нь аргагүй тайлбарлацгааж байна. Нүүрсээ зарах аргаа олоогүй Монгол казиног иргэддээ хохиролгүйгээр байгуулж чадна гэж итгэж байх шиг. Хямарсан эдийн засгаа амь оруулах эцсийн арга нь казино гэдэгт ч олон хүн итгэж эхэллээ. Үнэнхүү ярьж хэлж байгаа шиг нь мөнгө бороо шиг орж, иргэд маань казинодохгүй, казинодсонгүй гэж бухимдахгүй байж чадвал сайхан л хэрэг. Гэхдээ гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг казиногийн хуулийг анан хүлээж буй олон шунал төрийн ордон дотор ч, ордны гадна ч бий гэдгийг мартаж болохгүй.
Казинодох хүсэл төрсөн нь…
90-ээд онд С.Зориг агсан ордны цонхоор согтуу морь харсан гэх дуулиан гарч байхад, Х.Баттулга ганзагын наймаанд гүйдэг байхад, Ц.Элбэгдорж ажлаа хийлгүй дартст донтож байсан гэгдэх тэр үед казиногийн сүнс төрийн ордонд шургалжээ. Гэнэт л хуйгаараа казино байгуулах хэрэгтэй тухай ярьцгаав. Казинотой болохоор хэн хүнгүй хүсэж, дээгүүр доогуур гүйлдэж, хууль санаачлан түүнээ баталцгаав. 90-ээд оны казиногийн төлөөх хуйлрал нь гадаадын нөлөөтэй гэж үзэгсэд олон бий. Энэ нь казино байгуулах тендерт Макао, Хонг Конгийн компаниуд оролцож байснаас үүдэлтэй. Тухайн үед Макао, Хонг Конг аль аль нь эх газрын Хятадад буцаж нэгдэх гэж байсан тул хөлжсөн бизнесмэнүүд нь хөрөнгөө ардчилсан улсад оруулах хүсэлтэй байснаас Монголын нутагт казино байгуулахаар лоббидож эхэлсэн гэгддэг. Үндэслэл багатай таамаглал, гэвч үгүйсгэж бас боломгүй. Нэрт нийтлэлч Баабар тэр үеийн тухайд арай өөрөөр ярьдаг. Түүний казиногийн хэргийн тухай нийтлэлд Х.Дашзэвэг гэгдэх архинд дуртай нөхөр санамсаргүй УИХ-ын гишүүн болсноос бүх үйл явдал эхтэй гэж үздэг. Тухайн үед Монгол улсад хууль бусаар хоёр ч казино нууцаар ажиллаж, тэнд нь манай ирц нь хүрдэггүй их хурлын гишүүд бараг хуйгаараа өнждөг байсан яриа гардаг. Архины цагаан солио гэж үнэхээр байдаг бол Х.Дашзэвэг тийм нэгэн солиорол дундаа гэмт хэрэг ургуулан төсөөлж түүнээ хууль хүчний байгууллагад мэдэгдсэнээр дуулиант казиногийн хэрэг гэгч бий болсон гэнэ. Энэ бол казиногийн хэрэг илэрсэн эсвэл зохиогдсон түүхийн эхлэл нь. Олон янзаар ярьж дүгнэж болох ч казино байгуулах нь тухайн цагтаа зөв санагдах бүрэн боломжтой байлаа. Монгол улс ардчилсан орон хэмээгдэж газар зүйн байршил маань Ази Европийн бизнес эдийн засгийн коридор болно гэгдэж байсан тэр үед казино ирээдүйтэй харагдаж байжээ. Тэр хэрээрээ үүнд оролцох, хувь хүртэх хүсэл санаархалууд их байсан нь ойлгомжтой. Ардчилсан намын эрх барьж байсан он жилүүдэд С.Зоригийн аллага, Казиногийн хэрэг гэх хоёр том хар толбо бий. Энэ хоёр хоорондоо холбоотой ч байж болох талтай. Ямартаа ч казино ашигтай бизнес гэдэг нь тодорхой. Харин энэ ашиг ард түмэнд ирэх үү нэг компани, нэг бүлэг этгээдүүдэд ногдох уу гэдэг л хамгийн том асуудал.
Казинодох хүслээ тас цавчсан нь…
Тэр үед казиногийн дуулианаар ашиг хүртэх гэсэн хүмүүс тендер будлиантуулсан бол, ашгаас мултарч үлдэх гээд байсан этгээдүүд казиногийн хэрэг бий болгосон гэж харах өнцөг гарч ирнэ. Дээр дурдагдсан Х.Дашзэвэг гэгч казиногийн хэрэг гэгчийн тухай анхлан мэдүүлэг өгч түүнээс улбаалан Монголд анх удаагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлж, ялтан болгон шорон тийш залсан үйл явдал өрнөсөн байдаг. Х.Дашзэвэг зохиомол хэрэг бодож олсон гэж Баабарын үздэг үнэн байлаа ч гэсэн тендер шударга болсон гэж үзэх үндэс харин байхгүй. Казиногийн тендерт манай хэдэн компаниудаас гадна Макао, Хонг Конгийн туршлагатай мөнгөтэй компани, корпорац, консорциумууд ч мөн оролцож байжээ. Бизнес хийсэн найм есхөн жилийн туршлагатай компани казиногийн тэр том акулуудыг шударга өрсөлдөөнөөс ялсан гэж үнэмшихэд бэрх. Энэ нь авилгал өгч, авч болох амар хялбараа бодож манай шуналтнууд Монгол компаниа ялуулсан байхаас гарцаагүй. Гэтэл ялагдсан талууд дуугүй өнгөрсөнгүй. Тендер шударга бус болсон талаар гомдол гаргажээ. Энэ гомдлын гол эзэн нь тухайн үеийн нөлөө бүхий бизнесмен ХЛТА компанийн босс Батболд гэгч байв. Бодвол мань хүн ч бас тендерт ялахын тулд олон хүнийг "хооллож ,ундалсан” боловч ялалт өөр этгээдэд очсонд унтууцсан бололтой. Харин өнөөх гаднын том тоглогчид нэг их ойшоосонгүй нутаг нугадаа буцжээ. Ингээд гурван их хурлын гишүүн, хэд хэдэн албан тушаалтан, бизнес эрхлэгч нараа шоронд илгээсэн ч казиногийн хэрэг бүрэн шувтарсангүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэг, үйл явцтай холбоотой, тэр тухай мэддэг нөхдийг нухчан дарах дараагийн төлөвлөгөө зохиогдсон байна. Тэр бол алдарт центрпойнтын хэрэг, гүнтийн буудалцаан юм. Энэ хэргээр нөгөө XLTA Батболд шоронд заларч, гарч ирээд бизнес нь өөдлөөгүй түүхтэй. Тэр үед улс төрийнхнийг бараг базах шахаад байсан рекетерүүд ч энэ хэргийн улмаас дарагдсан. Ингээд шунал шуналаа дарсан үйл явц өрнөж УИХ-ын чуулганаар бараг 80 хувийн саналаар батлагдаж байсан казиногийн хууль гуравхан сарын дараа мөн адил бараг 80 хувиар цуцлагдаж байжээ. Ялсан шунал нь тодорхой. Казиногийн хуулийн дараа Монголын улс төрд Н.Энхбаяр "хаан” болсон. Магадгүй өнөө ерөнхийлөгч болохоор хоёр дахь удаагаа санаархан суугаа Н.Энхбаяр казиногийн сүйрлээр ашиг олсон байхыг үгүйсгэх аргагүй. Нэгэн цагт тэр улс төрийн ТҮЦ ажиллуулж албан тушаал, эрх мэдлээр бусдын үзэл бодлыг худалдан авдаг байсан гэж олон хүн үздэг. Авилгалын загалмайлсан эцэг хэмээгддэг энэ эрхэм казиногийн хэрэг гэгчийг зохион байгуулаагүй байсан ч энэ хэрэг, энэ дуулианы ард ялагч болж үлдсэн нь нүднээ илхэн.
Казинодох хүсэл дахин төрсөн нь…
90-ээд оны дундуур оргилж сүүлээр биежиж аваад замхарсан казиногийн сүнс Монголын улс төрөөс хэзээ ч бүрэн арилаагүй. Магадгүй хүсэн хүлээгээд буй казино байгуулагдахаас өөрөөр энэ тухай сэдэв манай улс төрчид, улс төрөөр оролдогч этгээдүүдийн толгойноос казино гэх сэдэв мартагдахгүй байх. Энэ хаврын чуулганаар казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхээр бас дахин орж ирж байна. Дуулиант хэргээс хойш 19 жилийн хугацаанд их хуралд зургаа дахь удаагаа энэ хуулийн төсөл хэлэлцэгдэх юм гэнэ. Казино бол бие үнэлэлт, зугаа цэнгээн гээд гэмт хэрэг бүхний үндэс гэж үүнийг эсэргүүцэгчид бий. Нөгөө талаас ашигтай гэж муйхраар зүтгүүлнэ. Олонх олны хүчээр хууль батлах нэг бодлын жам ёсны, нөгөө бодлын түрэмгүй дөрвөн жилийг бид сонгосон. Энэ сонголтын дагуу олонх казиногийн хуулиа түрэмгийлэн баталж орхих нь тодорхой. Сайн мууг нь дэнслэхээс илүүтэй өмнө өрнөсөн үйл явцаа дахин давтагдахгүй гэх баталгаа байгаа эсэхийг л бодож үзэх хэрэгтэй. Өнөөдөр батлагдах гэж буй казиногийн хуульд цэвэр бизнесийн зарчим үйлчилж байна уу гэдгээс өгсүүлээд улс төрчдийн сүүдэр тусгахгүй байхыг л анхаарууштай мэт. Хэн нэгэн улс төрчдийн гэр бүл хамаатан садан, найз нөхөд тендерт ялдаг улиг болсон тогтолцоо казиногийн хуульд үйлчлэх л юм бол тэр цагаас эхлэн 90 оны үйл явцын хоёрдугаар анги өрнөж эхлэх болно. Мэдээж эцэст нь хэн нэгэн хохирч үлдэнэ. Хэн нэгэн ялж үлдэнэ. Ялсан нь Н.Энхбаяраас том этгээд болж хаанчлах бол ялагдсан этгээд нь гурван сая Монголчууд бултаараа, үр хүүхэд, ирээдүй хойчтойгоо байх болно.
С. Амаржаргал
0 сэтгэгдэл