Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанүргэлжилж байна. “Б” хэсэгт Архангай, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн баг орсон. Гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн аварга Архангайчууд Сүхбаатар аймгийн багтай оноолт таарлаа. Барилдаанд эхнээсээ л Архангайхан илүүрхэх нь тэр. Эцэст нь 21:4-өөр яллаа. Учраа багтаа ердөө дөрөвхөн даваа алдсан Архангайн багаас уран барилдаанаараа гайхуулсан цэргийн заан Ө.Батсуурь, бэлтгэл сайтайгаа харуулсан улсын харцага С.Сүхбат нар таван даваа авчээ. Харин аймгийн арслан Э.Мөнхжаргал, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар дөрвөн даваагаар багтаа тус хүргэв. Тэгвэл Сүхбаатар аймгаас аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гурав, аймгийн заан С.Ган-Эрдэнэ нэг даваа давлаа.
Энэ хэсгийн нөгөө барилдаан өнгөрсөн жилийн дэд аварга Булган болон Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн хооронд өрнөлөө. Барилдааны эцсийн үр дүнг үзэгч, сонирхогч, мэргэжилтнүүд таамаглаагүй. Тодруулбал, Өлгийн хүчтэнүүд 14:11-ээр ялалт байгуулснаар шилдэг наймд шалгарлаа. Харин Булганы начингуудын алтан цомын төлөөх аялал энэ хүрээд өндөрлөв. Булганаас Д.Амарсайхан Э.Сумъяабат, Э.Энх-Амгалан нар бэртэлтэй ч барилдаанд оролцсон. Гэхдээ тэд зорилгоо биелүүлж чадсангүй. Ялагчаар тодорсон Баян-Өлгийн багаас аймгийн заан Е.Көптилек дөрөв, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Б.Төмөрбаатар нар гурван даваа авч багтаа том гавьяа байгууллаа. Хэдийгээр хурц арслан М.Еркебулан ердөө ганцхан даваа авсан ч энэ нь ялалтын даваа байлаа. Түүнчлэн улсын өсөх идэр начин Н.Мустафа нэг, аймгийн арслан Т.Эрболат хоёр даваа авчээ.
Тэгвэл Булганаас улсын начин Б.Түмэндэмбэрэл гурван даваа авсан бол Б.Түвшинтөгс, Х.Цогтгэрэл, Э.Сумъяабат, Э.Энх-Амгалан нар хоёр даваагаар тус болов. Гэвч багийн хамгийн ахмад нь болон Д.Амаржаргал, Д.Амарсайхан нар даваа авч чадсангүй. Өнөөдөр “С” хэсгийн барилдаан болох бөгөөд Төв-Дорноговь, Ховд-Баянхонгорын багтай өрсөлдөх юм.
0 сэтгэгдэл