|

Хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн үеэр цасан болон шороон шуургатай байна



Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  

Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд,  Завхан аймгийн зүүн,  Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлээр баруун аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зүүн аймгуудын нутгаар, сүүлээр төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногт нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зудын нөхцөл байдал үүсээд байгаа төв, зүүн аймгуудын нутгаар цас нэмэгдэж, салхи шуургатай өвөлжилт, хаваржилтын нөхцөл улам хүндрэх нөхцөл үүсэж байгаа тул аймаг, сумын Онцгой комисс, малчид иргэд онцгой анхаарч хариу арга хэмжээг шуурхай авах, өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх шаардлагатай.
Түүнчлэн гуравдугаар арав хоногийн үеэр  цасан болон шороон шуургатай байх тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлж хэвшихийг анхааруулж байна.   

0 сэтгэгдэл