|

Андройд утас бүтээх Оросын төлөвлөгөө


Жилийн өмнө ОХУ Украин руу халдан довтолсноос хойш тус улс технологийн компаниуд болон мэдээлэл технологийн бүх үйлчилгээнээс бүрэн тусгаарлагдсан гэж хэлж болно.
Тухайлбал, ухаалаг утасны хамгийн том брэндүүд болох Samsung, Apple нар Оросоос дайн эхэлсэн даруйд гарч явсан бөгөөд үүний дараагаас тус улс ухаалаг төхөөрөмжийн салбар дахь гадаадаас хараат байдлаа багасгахын тулд өөрийн гэсэн Андройд утас бүтээх төлөвлөгөө гаргаж эхэлжээ.
Уг гар утсанд одоогоор ямар нэгэн брэнд нэр өгөөгүй байгаа ба мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг болох National Computer Corporation (NCC) буюу Үндэсний компьютер корпораци уг утсыг бүтээж, 2023 оны сүүлч гэхэд 100 мянган ширхэг ухаалаг утас борлуулсан байх томоохон зорилт тавиад байгаа юм. Өнгөрсөн даваа гарагт NCC компанийн үүсгэн байгуулагч Александр Калинин хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа энэхүү төсөлд нийтдээ 10 тэрбум рубль (132,9 сая ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт хийж, улмаар 2026 он гэхэд гар утасны зах зээлийн 10 хувийг эзэлсэн байх болно гэжээ.
Түүний энэ мэдэгдэл нь АНУ-ын Худалдааны яамнаас ОХУ руу 300 ам.доллараас дээш үнэтэй гар утас болон бусад цахилгаан бараа оруулахад хориг тавьж байгаа шийдвэрийг зарласны маргааш олон нийтэд хүрсэн нь онцлог явдал юм. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Оросууд үнэхээр амжилттайгаар Андройд утас бүтээж чадсан ч гэсэн Хятад улсад үйлдвэрлэсэн Google-ийн Android үйлдлийн системтэй, хямд гар утаснуудтай өрсөлдөхөд маш хэцүү байх ажээ.
Харилцаа холбооны салбарын судалгаа шинжилгээ хийдэг Counterpoint Research компанийн дэд захирал Ян Стрияк “Оросууд гар утас хийвэл мэдээж эхлээд Андройд үйлдлийн систем сонгох байх. Гэхдээ Google тэдэнд уг үйлдлийн системийг бүрэн ашиглах зөвшөөрөл өгөх нь юу л бол. Тиймээс тэд гар утсандаа өөр үйлдлийн систем л суулгаж таарах байх” гэсэн байна.
Одоогийн байдлаар Google Оросын хэрэглэгчдэд өөрийн төлбөртэй программуудыг ашиглуулахгүй, программын шинэчлэл санал болгохгүй байгаа боловч үнэгүй үйлчилгээнүүд болох Gmail, Maps, Google Play, YouTube зэрэг үйлчилгээг ашиглах боломжтой хэвээр үлдээсэн юм. Технологийн WIRED вэбсайт Оросын компаниуд Андройд үйлдлийн систем ашигласаар байгаа талаар тодруулга авах гэсэн боловч Google хариу өгөөгүй байгаа юм.
Шинэ гар утасны төсөл бол ОХУ-ын технологийн хувьд хараат бус бие даасан байх, цахим орчин дахь халдашгүй байдал бий болгох олон талт арга хэмжээнүүдийн нэг билээ. Тус улсын эрх баригчид цахим технологи, цахилгаан бараа үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд урьд өмнө гаргаж байгаагүй өндөр хэмжээний хөрөнгө мөнгө амлаж, технологийн компаниудаа шавдуулсаар байгаа. Гэвч төсвөөс татаас аваад аваад шинэ технологи, шинэ бараа бүтээгдэхүүн бий болгож чадна гэдэгт зарим хүмүүс итгэлгүй байна. Internet Research Institute судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Карен Казарян Оросын шинэ гар утасны төслийг зүгээр л ээлжит PR шоу гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Өнгөн дээрээ цахим орчин дахь улс үндэстний халдашгүй байдал гэж сурталдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь эрх баригчид хил хязгаар дотроо интернэтийн контент, өгөгдөл, дэд бүтцийг нь бүхэлд нь хянах замаар интернэтийг “залуурдах”, дэлхийгээс таслах оролдлого юм. Оросын засгийн энэхүү санаагаа 2014 онд Крымийг булаан эзэлснээсээ хойш “Рунет” нэрээр сурталчилж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж, туршилтаа ч хэд хэдэн удаа хийгээд амжсан.
Гэхдээ Рунетээс хамааралгүйгээр тэдний дээрх зорилго аажмаар биеллээ олсоор байна. Тухайлбал, дайн эхэлснээс хойш Instagram, Facebook, Twitter-ийг Орост хааснаар дотоод олон нийтийн сүлжээний хэрэгслүүд болох ВКонтакте зэрэг нь идэвхижиж эхэлжээ. Төрийн ч бай, хувийн ч бай компаниуд нь хэрэглэгчдийг аль болох TikTok, Instagram, YouTube зэрэг барууны платформуудаас холдуулж, өөрсдийн Yappy, Rossgram, RuTube зэрэг сувгуудаа ашиглахыг уриалж байгаа. Харамсалтай нь эдгээр платформууд нь хэрэглэгч цөөтэй, ядруухан дизайнтай, төрийн үзэл суртлыг хэт ихээр шахдаг гэх мэт сул талуудтай учир барууны платформуудтай өрсөлдөж чадахгүй өнөөг хүрсэн байдаг.
Дотооддоо “төвхнөх” чиглэлээр тэдний хийж амжуулсан өөр нэг ажил нь 2022 оны тавдугаар сард VKontakte болон Оросын цахим хөгжлийн яамнаас хамтран гаргасан RuStore нэртэй аппликэйшний цахим дэлгүүр юм. Мэдээж тэд үүгээрээ Google Play болон Apple App Store-ийг орлуулах хүсэлтэй байгаа. Уг дэлгүүр одоогоор 10 сая гаруй хэрэглэгчтэй болсон гэж VKontakte мэдээлжээ.
В RuStore добавили возможность совершать покупки внутри приложений | РБК  Life
Украин руу ОХУ халдан довтолсноос бараг нэг сарын хугацаанд Cisco, SAP, Oracle, IBM, TSMC, Nokia, Ericsson, болон Samsung, Apple тэргүүтэй харилцаа холбооны салбарын компаниуд бүгд тус улсын зах зээлийг орхин явсан нь үүрэн телефоны операторууд, үйлдвэрүүд, гарааны бизнесүүд, төрийн өмчит томоохон компаниудад ч цохилт болсон юм. Судалгааны IDC компани 2022 онд Оросын IT зах зээл 12,1 тэрбум доллараар агшсан буюу өмнөх оны хэмжээнээсээ 39 хувиар жижгэрсэн гэжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлдээ тус улс нийт ашиглагдаж буй гадаадын программ хангамжийн 85 хувийг дотоодын программуудаар солих бодолтой байгаа төдийгүй гар утас, ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан өөрсдийн гэсэн үйлдлийн систем бүтээж байгаагаа хүртэл зарласан боловч Internet Research Institute судалгааны хүрээлэнгийн Казарян үүнийг дөнгөж цаасан дээр байгаа төлөвлөгөөний ноорог бөгөөд яаж хийж хэрэгжүүлэхээ ч тодорхойлоогүй байгаа төсөл. Харин үүгээр далимдуулж, төрөөс татаас авах гэсэн хэдхэн том компанийн лобби явагдаж байгааг бол үгүйсгэхгүй гэсэн юм.
Андройд үйлдлийн системийг тус улсын төрийн өмчит Ростелеком компанийн хөгжүүлсэн Linux суурьтай Аврора үйлдлийн систеэмээр орлуулж болох ч уг үйлдлийн системийг зөвхөн төрийн албаны төхөөрөмжүүдэд ашигладаг тул иргэдийн гар дээр очих эсэх нь эргэлзээтэйн дээр өнгөрсөн оны 12 дугаар сард засгийн газраас энэ төсөлд ахин мөнгө төсөвлөхөөс татгалзсан байна.
Мөн BQ зэрэг гар утас үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн төхөөрөмждөө Huawei компанийн Harmony OS үйлдлийн систем ашиглахаар төлөвлөж байгаа гэсэн ч Huawei компани нь өнгөрсөн оны 9 дүгээр сард өөрсдийн үйлдлийн системээ гадаадын компаниудад ашиглуулах төлөвлөгөөгүй байгаа гэж мэдэгдэж байсан билээ. Тэгээд ч Harmony OS нь Google-ийн үйлчилгээнд хамрагддаггүй, Gmail, Maps, Google аппликэйшнүүд ажилладаггүй учраас энэ үйлдлийн системийг Оросууд ашиглах магадлал тун бага. Харин дээр дурдсан төрийн өмчит NCC компанийн хувьд Хятадад үйлдвэрлэгдсэн бэлэн гар утсыг Оросын нөхцөлд тохируулан өөрчлүүлж, худалдаалах нь хамгийн цаг хожсон шийдэл байж болох юм.
Хэдийгээ NCC компани Apple, Samsung-тай зүйрлэхээргүй хямд буюу 132 ам.доллар болон 398 ам.долларын үнэтэй гар утаснууд үйлдвэрлэж, борлуулна гэж мэдэгдсэн ч саяхан чип үйлдвэрлэгч TSMC компани Орост гар утасны чип нийлүүлэх боломжгүй болсон тул дээр дурдсан гар утаснууд үйлдвэрээс гарах эсэх нь тун ч эргэлзээтэй байгаа юм. Мөн үйлдвэрлээд гарсан утас нь Xiaomi брэндийн утаснуудаас хямд байж чадахгүй бол хэн худалдан авах билээ гэсэн асуултыг салбарын шинжээчид мэргэжилтнүүд асууж байна.
Эх сурвалж: arstechnica

0 сэтгэгдэл