|

АРХАНГАЙ: Элчин сайд Цай Вэньруйд ажил хэргийн санал тавив



БНХАУ-аас МонголУлсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтайаймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг даргын орлогч В.Мөнхбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батцэцэг, Хятад-Монголын найрамдалт нийгэмлэгийн тэргүүн С.Баатар нар албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньруй Монгол, Хятад улсын найрамдалт харилцааг цар тахлын дараах жилүүдэд өндөр дээд хэмжээнд үргэлжлүүлж, худалдаа, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийлэн, Архангай аймгийн удирдлагууд Элчин сайдын яаманд биечлэн айлчилж байгаад талархал илэрхийллээ.

Архангай аймгийн хөдөө аж ахуй, нийгэм, соёлын салбарт эртнээс хамтын ажиллагаатай байсан БНХАУ, МонголУлсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд аймгийн удирдлагууд мөн талархал илэрхийлж,ажил хэргийн тодорхой саналуудыг дэвшүүллээ. Тодруулбал малын түүхий эд боловсруулах үйлдвэр, түүхий эдийг нэмүү өртөг шингээж,зах зээлд нийлүүлэх, цаашлаад хилийн чанадад гаргахад хөрөнгө оруулагч нартай холбох, татах, аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх Өргөөтийн талд төлөвлөгдөж байгаа наадмын талбайн бүтээн байгуулалт, тохижилтын ажилд хамтран оролцож, дэмжлэг үзүүлэх зэрэг санал дэвшүүлжээ.

Аялал жуулчлалын гол бүс нутаг, мал аж ахуйгаараа улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн эдийн засгийг тэлэх нөөц боломжууд, хүний хөгжлийг дэмжих ажил хэрэгч санаачилгыг дэмжиж ажиллана.Аймгийн удирдлагуудын урилгын дагуу энэ хавар Архангай аймагт албан айлчлал хийж, тавьсан саналуудтай биечлэн танилцахын зэрэгцээ цар тахлаас өмнөх жилүүдэд тасралтгүй зохион байгуулж ирсэн БНХАУ-аас МонголУлсад суугаа Элчин сайдын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг төрийн албан хаагчид, сумдын дунд зохион байгуулах тухайгаа Элчин сайд Цай Вэньруй хэлжээ.  

0 сэтгэгдэл