|

АРХАНГАЙ: Нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээг 481.5 га болгон бууруулжээ



Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, эвдэрч орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлыг үе шаттай зохион байгуулах замаар “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ ажлыг улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хэвшил нийлсэн 800.0 сая төгрөгийн хөрөнгөөр дөрвөн жилийн хугацаанд хийх юм. Аймгийн Засаг даргын захирамжаар "Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, төлөвлөгөө боловсруулж, Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжид эвдрэлд оруулсан талбайдаа нөхөн сэргээлт хийх үүрэг даалгаврыг хүргүүлжээ.

Үүнээс “Гурван хайрханы асар ХХК” өөрийн тусгай зөвшөөрөл бүхий Өлийн аманд байрлах MV- 004174 талбай дээр 1,5 га-д техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэжээ. Мөн “БМНС” ХХК өөрийн тусгай зөвшөөрөл бүхий Өлзийт тээлийн аманд байрлах MV-001410 талбай дээр биологийн нөхөн сэргээлтийг 26 га-д, техникийн нөхөн сэргээлтийг 15 га талбайд тус тус хийсэн байна. Өөрөөр хэлбэл энэонд нийт 42.5 талбайг нөхөн сэргээж, нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээг 481.5 га болгон буурууллаа.

Мөн 2021 онд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 11 хүсэлт ирүүлснийг хянаж, эрх бүхий байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан 4 аж ахуй нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. Тусгай зөвшөөрлийг олгосноор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн талбайг нөхөн сэргээх, ашиглалтад хяналт тавих боломж бий болно гэж үзжээ.

0 сэтгэгдэл