Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдөр болсон “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгт ХААН Банк оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгод хэрхэн хувь нэмрээ оруулж буйгаа танилцуулж, олон нийтэд тогтвортой хөгжлийн тухай мэдлэг ойлголтыг түгээлээ.
НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм.
ХААН Банкны зүгээс тус өдөрлөгт банкны дотооддоо баримталдаг Тогтвортой хөгжлийн бодлого, санал санаачилгууд болон харилцагч олон нийтэд зориулан 14 хоног тутам тогтвортой хөгжлийн тухай онцлон, энгийн үгээр сонирхолтой мэдээлэл хүргэдэг 2030 цахим товхимлоо танилцууллаа. Тус товхимолд www.2030.mn холбоосоор хандан и-мэйл хаягаа бүртгүүлж, тогтвортой хөгжлийн тухай мэдлэг мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Түүнчлэн, ХААН Банк тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагнадаг болсны дагуу мэдээллээ нээлттэй хүргэж, хамтран ажиллах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүсийн саналыг хүлээн авч ажилласан юм.
Тогтвортой ажлын байрыг бий болгож, сайн ажил олгогч байхыг зорьдгийн хувьд “Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг-2022” хэсэгт ХААН Банкны хүний нөөцийн хамт олон нээлттэй ажлын байр болон оюутан залуус дадлага хийх, цагийн ажил хийх боломжуудыг танилцуулан, ажилд горилох хүсэлт хүлээн авсан нь уг нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд цагаа олсон хэрэгтэй үйл ажиллагаа болсон билээ.
ХААН Банкны хувьд 2018 оноос Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулж, банкны бүх түвшний үйл ажиллагаатай уялдуулахаар зорьж байна. Мөн 2019 оноос эхлэн Банкны Тогтвортой хөгжлийн тайланг бэлтгэн олон нийтэд ил тод мэдээлж эхэлсэн бол 2020 онд банк дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан хэрэгжүүлж буй. ХААН Банк нь Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд үндсэн 4 чиглэлд санал санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Тогтвортой санхүүжилт, Тогтвортой үйл ажиллагаа, Тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалт, Тогтвортой хамтын ажиллагаа ба тайлагнал юм.
“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 120 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож, үйл ажиллагаагаа сурталчиллаа. Тухайлбал, дахивар хог хаягдлыг хэрхэн ангилж, дахин боловсруулж буй тухай, ажлын байрны нэгдсэн мэдээлэл, цахимаар хүссэн мэдээллээ олж авах, тогтвортой хөгжлөөр түүчээлж яваа байгууллагуудын сайн туршлага зэрэг олон сонирхолтой мэдээллийг нэг дороос авах бололмжийг бүрдүүлсэн байв.
0 сэтгэгдэл