Эрүүл мэндийн сайд С.Энхболд Архангай аймагт ажиллалаа. Тэрээр Нэгдсэн эмнэлгийн харьяа хавдрын эрт илрүүлгийн төв, эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцсон юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Монгол Улсын Засгийн газраас "Хавдрын эсрэг хамтдаа үндэсний хөтөлбөр”-ийг 2024 он хүртэл хэрэгжүүлж байна. Ирэх 5 сарын 1-нээс хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлнэ. Архангай аймаг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд бүтцээ бүрэн шийджээ. Хавдрын эрт илрүүлгийн төв, эрүүл мэндийг дэмжих төвтэй болсноор хавдраас сэргийлж болох бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Аймгуудаас анхдагч болсон Архангайчууддаа баяр хүргэе" гэв.
Нэгдсэн эмнэлгийн харьяа "Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн барилгын их засвар, иж бүрэн тоног төхөөрөмжийн санхүүжилтэд Эрүүл мэндийн сайдын багцаас 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийжээ.
Эрүүл мэндийг дэмжих төвд:
- Дурангийн аппарат,
- Шүдний эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж,
- Зүрхний оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж,
- Дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд (Зөөврийн болон суурин ЭХО аппарат, суурин Рентген аппарат)
-Чих хамар хоолойн үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, үзлэгийн дуран зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн бүрдээд байна.
0 сэтгэгдэл