|

Хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг нээлээ

 

Хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг нээлээ

 

Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор "Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад оруулаад байсан юм. Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр тус төвийн үйл ажиллагааг нээж эхлүүллээ. Ийнхүү 21 аймгаас Архангай аймаг анх удаа ийм төвтэй болж байна.
Сүүлийн таван жилд Архангай аймгийн хүн амын нас баралтын 2 дугаар шалтгаан нь хорт хавдар байгаагаас элэгний хавдрын шалтгаант нас баралт нийт хавдрын нас баралтын 50 орчим хувийг эзэлж буй судалгаа гарсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар "Элэгний эмгэггүй Архангай” төслийг 2016-2018 онд хэрэгжүүлж, 40-64 насны иргэдийн 83,3 хувийг элэгний С вирусний илрүүлэг шинжилгээнд хамруулж, элэгний С вирусний халдвар илэрсэн 2500 гаруй иргэдийн 95 хувийг сайн дурын үндсэн дээр үнэгүй эмчилгээнд хамруулж, 99 хувь эрүүлжүүлсэн.
 
Тус төслийн хүрээнд элэгний хавдрын 60 тохиолдлыг эрт илрүүлж, ХСҮТ-д илгээж эмчилгээнд шуурхай хамруулан хожимдол, ноцтой хүндрэлээс сэргийлэн амь насыг аварсан юм. Тус "Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнг танилцуулах уулзалтаар "Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг байгуулах шийдэлд хүрч, холбогдох бэлтгэлийг шат дараатай хангасаар ирсэн юм.
"Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн барилгыг улсын төсвийн санхүүжилтээр 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр шийдвэрлэн, 2019-2020 онд орон нутгийн "Гурвантамир" ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан юм.
Эрт илрүүлгийн төвд ажиллах хүнийг нөөцийг салбарын хүний нөөцийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтөд тусган 2020 оноос эхлэн сургалт эрхлэгч мэргэжлийн байгууллагуудад үе шаттайгаар эмч мэргэжилтнүүдээ сургаж байна. Үүнд хавдрын нарийн мэргэжлийн эмчийг 2,5 жилээр, эмэгтэйчүүдийн хавдрын эмч, дурангийн эмч, дүрс оношилгооны эмч, хавдар бүртгэгч зэрэг мэргэжилтнүүдийг тус тус бэлтгэн үе шаттайгаар сургаж дадлагажуулаад байна.
 
Эрт илрүүлгийн төвд хийх зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх арга, аргачлалын талаар Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, мэргэжлийн эмч нарын багийг урьж авч ирэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж оношлуур, илрүүлэг хийх аргачлалаа хэлэлцэн тогтоод байна. "Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, тус ажлыг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон Эрүүл мэндийн яамны төлөөлөл, аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.

0 сэтгэгдэл