УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг нар Архангай аймгийн болон сумдын удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газар, 19 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хуралдаан хийсэн.
Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг нар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цар тахлын голомтыг хумих, голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, бусад төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нийгмийн баталгааны тухай мэдээлэл өгч зарим тавьсан асуудлыг шийдвэрлэжээ.
Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр 2021 оны эхний 4 сард нийт 1 тэрбум 268 сая 985 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслүүд Архангай аймагт олгогдсоныг Эрүүл мэндийн сайд онцлоод, нэн яаралтайгаар 3000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг Архангай аймагт хүргүүлэхээр боллоо.
Аймаг, сумдаас УОК, Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдэд тодорхой асуудлуудыг тавьсан.
Төвшрүүлэх сумын улсын нөөцийн фондод байгаа өвс тэжээлийг хаваржилт хүндрэлтэй сумдад хөнгөлөлттэй үнээр олгох, түргэвчилсэн оношлуурын нөөц нэмэгдүүлэх, Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх сумын яаралтай тусламжийн автомашиныг шийдвэрлэх, Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг түргэсгэх, хамгаалах хувцас хэрэгслийн нөөц зэрэг асуудал нэн тэргүүнд шаардлагатай байгаа тухай уламжилсан юм. Эдгээрийг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.
Мөн УИХ-ын гишүүдээс Архангай аймгийн залуучуудын санаачилсан "Хамтдаа давна” аянаар дамжуулан хамгаалах хувцас 2500 ширхэг, нүдний шил 2500 ширхэг, гутлын улавч 2500 ширхэг, малгай 2500 ширхэг, "N95” амны хаалт 2500 ширхэг, нүүрний хаалт 2500 ширхэгийг халдварын тархалт хүндэрсэн сумдад хандивласан байна.
0 сэтгэгдэл