|

И.Сандуй аваргынх хонь ямаагаа цөөлж, бодоо түлхүү маллаж байна

 
 

И.Сандуй аваргынх хонь ямаагаа цөөлж, бодоо түлхүү маллаж байна

 

Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Сандуй, эхнэр Балгансүрэнгийн Дэлгэрмаа нарт Монгол Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар гардуулан өглөө.
И.Сандуйгийнх анх 40 хонь, 1 ямаа, 20 бодтой, нийт 61 толгой малтай айл байж. Зарим жилүүдэд малаа 1800-1900 толгойд хүргэж өсгөсөн байна. Цаашид бэлчээрийн даацаа тооцоод олон биш чанартай малтай болохыг зорьж, хонио цөөлөн, бодоо дагнан маллаж байна.
"Одоо 400-гаад үхэртэй, энэ хавар 150 гаруй үнээ тугална. Эхний төлөө ч хоёр хоногийн өмнө хүлээн авлаа, сайхан байна" хэмээн И.Сандуй аварга ярив.
Тэрбээр 1989 онд 10 дугаар ангиа төгсөж, 1993 онд айл болсон байна. Тэр үеэс 30 гаруй жил бие даан мал маллаж, 2008 онд "Аймгийн аварга малчин" болжээ.

И.Сандуй ярихдаа, манай Өндөр-Улаан сум бол үхэр сүрэгт ээлтэй, тохиромжтой, бүдүүн өвстэй нутаг. Миний аав 28 жил туувар хийсэн, сумын 7 удаагийн аварга, аймгийн 2 удаагийн аварга малчин хүн байсан. Аавынхаа заавраар мал маллаад өдий зэрэгтэй явж байна. 2015 онд ах маань Улсын аварга малчин болж байсан. Аавынхаа арга ухааныг уламжилж, ахынхаа амжилтыг буухиалж, 7 жилийн дараа мөн Улсын аварга болж байгаадаа туйлын баяртай байна. Манайх 30 жилийн хугацаанд 16 туслах малчинтай байсан. Тэдний маань хүч хөдөлмөр миний амжилтад шингэсэн хэмээлээ.
Аваргын гэргий Б.Дэлгэрмаа: Манай хүн их эртэч. Эрт боссоны хүчинд энэ их ажлыг амжуулдаг даа. Зуны улиралд бид 03:00 цаг гэж босоод л сүү саалийн ажилдаа ордог. Хавар мал төллөх үеэр ачаалал эрс нэмэгдэнэ. Өглөө гараад орой орж ирэх үе зөндөө байдаг гэлээ.
Тэднийх гурван хүүхэдтэй, том хүү нь малчин болохоор шийдэж, гурав дахь жилдээ аав, ээжтэйгээ мал маллаж байгаа гэнэ.

0 сэтгэгдэл