УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид өнгөрсөн долдугаар сараас эхлүүлээд Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярьж байгаа. Учир нь ард түмний амьдрал туйлдаж байна. Засгийн газарт хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан. Манайх 11 гишүүнтэй. Нийт гишүүдийн нэлээн хэд нь зураагүй. Зурсан гишүүд гарын үсгээ буцааж байна. Гадна дотноос АН-ын бүлэгт янз бүрийн дарамт үзүүлж байна. Зөвлөхөөрөө дамжуулаад надад ч гэсэн дарамт үзүүлж байна.
Эдийн засгаа сэргээе, эрүүл мэндээ аварна гэж Засгийн газраас 15 их наяд төгрөгийг зарцуулсан. Гадны зээл тусламжаар 1 тэрбум доллар буюу 3 их наяд төгрөгийг зарцуулсан. Гэтэл өнөөдөр үр дүн ямар байна. Ард түмний дургүй хүрч байна. "Дижитал үндэстэн" цахим шоуг зохион байгуулж, хэчнээн мянган иргэнийг бөөгнүүлсэн. Үнэхээр ковидын хууль үйлчилж байгаа бол тийм үйлдэл гаргамааргүй юм. Түүнийг зохион байгуулсан хүмүүст ямар ч арга хэмжээ аваагүй. Зөрөөд өнгөрөхөд халдвар авч байгаа дельта вирус шүү дээ. Залуу хүмүүс халдвар аваад зүгээр байдаг юм байна. Гол нь өндөр настай, архаг хууч өвчтэй, жирэмсэн хүмүүс хүнд байна. Энэ хугацаанд хэнтэй ч хариуцлага ярьсангүй. АН-аас хариуцлагын асуудлаа ярь гээд байхад тоохгүй юм.
Хэдхэн хоногийн өмнө л "Зайсан Хилл"-д Камертон хамтлаг тоглолт зохион байгуулсан байна. Энэ газар нь УОК-ын дарга С.Амарсайханы мэдлийн газар байна. Энэ нь ковидын хуулийг зөрчлөө. Ямар ч арга хэмжээ авахгүй байна. Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа залуусаа тоохгүй юм. Тэр хэдийнхээ үгийг сонсох хэрэгтэй" гэлээ.
0 сэтгэгдэл