Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Улсын онцгой комисс (УОК)-ын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш Улаанбаатар хотоос гадна зургаан аймагт халдварын тохиолдлууд илэрлээ.
Архангай аймагт 26 хоног, Говьсүмбэр аймагт 28 хоног, Дархан-Уул аймагт 23 хоног, Дорноговь аймгийн Айраг суманд 30 хоног, Замын-Үүд суманд 12 хоног, Сэлэнгэ аймагт дөрвөн хоног халдварын шинэ тохиолдол илэрсэнгүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дархан-Уул аймгаас бусад газрууд ДЭМБ-аас тавьж буй шаардлагыг хангаж байгаа учраас цаашдаа голомт бүрэн устсан гэж үзэн эрүүл бүсээр зарлах болсныг мэдэгдэж байна.
Засгийн газрын хуралдаанд бүх аймгуудын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг гуравдугаар сарын 31-н хүртэл сунгах саналыг УОК оруулна. Нийтдээ 12 дахь удаагаа бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгуулахаар Засгийн газарт хандаж байна. Мөн хилээр орж, гарч байгаа зорчигч тээврийн хязгаарлалтыг гуравдугаар сарын 31-н хүртэл сунгах саналыг оруулна.
Нийслэлийн онцгой комисст тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Ялангуяа QR кодоор хөдөлгөөнд оролцож буй албан байгууллагууд дээр хяналт шалгалт хийж, авто тээврийн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй шаардлагад нийцүүлэх. Баянзүрх дүүрэгт хийгдэж буй шинжилгээний явцыг түргэсгэх, эрт илрүүлэлт идэвхитэй тандан судалгааны ажиллагааг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Баянзүрх дүүргээс 90 мянган өрхийг "Нэг өрхөөс -нэг шинжилгээ” –нд хамруулж, ирэх долоо хоногт дуусгах.
Мөн эрүүл мэндийн салбарынхан, хил гаалийн ажилчид, нийтийн тээврийн жолооч нар, томоохон үйлдвэр үйлчилгээний иргэдтэй ажилладаг ажилчид, суурь өвчтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ байнга авдаг иргэд зэрэг тодорхой эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байх үед шинжилгээнд хамруулах зорилго тавиад байна.
Эрүүл мэндийн яаманд сорьц шинжлэх лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Өмнө нь халдвар гарах үед Халдвар судлалын үндэсний төв, Зооноз судлалын үндэсний төв дээр ажиллаж байсан хүчин чадлыг өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмээд байна. Үүнээс гадна Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр шинэ лаборатори байгуулж, хэвийн үйл ажиллагааг хангаад байна. Удахгүй Анаагахын шинжлэх ухааны сургууль, томоохон дүүргүүдийн эмнэлэгүүд дээр PCR-ийн аппарат шинээр суурилуулж, нийт шинжилгээний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Эмнэлгүүдэд халдвар хамгаалал алдагдах, өвчлөл голомтлон гарах хандлага ажиглагдаж байгаа учир эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг зөв зохион байгуулалтанд оруулах, амьсгалын замын өвчтэй ирж буй иргэдийг тусгаарлах, халдвар хамгааллыг чанд сахих, эрүүл мэндийн салбарын нөөц, хангамжийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой үүрэг чиглэлийг эрүүл мэндийн салбарт өглөө.
Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар энэ ажлуудын явцыг газар дээр нь шалгаж, шатлал шатлалын эмнэлэгүүдээр явж байгаа.
УОК-оос салбар байгууллагуудын бэлэн бэлэн байдлыг шалгах чиглэлээр идэвхитэй ажиллаж байна. Ер нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс гаралтай голомтыг хумих, энэ голомттой холбоотой хавьтлуудын давтан шинжилгээг хийх тал дээр илүү үйл ажиллагаагаа идэвхижүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, салбар хоорондын уялдааг хангах үүрэг даалгаврыг өглөө" гэлээ.
НЭМЭЛТ:
Өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх гуравдугаар сарын 31 хүртэл сунгах санал гаргав
Улсын онцгой комиссын хурал өнөөдөр (2020/12.27) цахим хэлбэрээр боллоо. Хурлаар Covid-19-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэргийг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:
– Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
-Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
-Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
– ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны нэгдүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Улсын онцгой комиссын саналыг ирэх Лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдлээ.
0 сэтгэгдэл