|

Зургаан аймаг Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд Улсын онцгой комиссын хуралдаанаас шийднэ гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн. 

Харин өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.

Тодруулбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Увс, Ховд, Дорноговь аймгуудын Засаг дарга нар орон нутгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд уг захирамжийг гаргажээ.  

  1. Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд хязгаарласугай.
  2. Говь-Алтай аймаг: Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 4-р хуралдаанаас 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
  3. Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
  4. Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. 
  5. Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ныг дуустал хязгаарласугай 
  6. Дорноговь аймаг: 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаас Монгол улсын Засгийн газраас сар шинийн баярыг өргөн тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ сарын 21-27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.  

Орон нутгийн Засаг дарга нарын дээрх шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна. 

 


0 сэтгэгдэл