Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны хоёрдугаар сард урд хөрш, стратегийн онцгой түнш БНХАУ-д албан ёсоор айлчлахдаа тус улсын "COVID-19” вируст цар тахалтай тэмцэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 мянган хонийг бэлэглэхээ амласан. Амласан ёсоор 30 мянган хонийг Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгийн малчдаас худалдан авч, аравдугаар сард түрүүчийг нь Хятад руу илгээсэн байдаг. Тэдгээр хонийг Эрээн хотод бөөгнүүлж, тусгаарлан шалгаж, нядалж ангилаад цар тахалд хамгийн их хохирол амссан Ухань хот руу илгээж. Тэндхийн эмч, эмнэлгийн ажилтнууд монгол хонины махыг гуя, хаа, өрөөлөөр нь барьж, халуун тогооны шөл хийгээд зооглож байгаа дүрс бичлэгүүд сошиалаар тархжээ. Зарим нь өөрт оногдсон махаа эмнэлгийнхээ гал тогоонд хандивлаж, өвчтөнүүдийн дархлааг дэмжихэд зориулсан юм байх.
Саяхан Ерөнхийлөгчийн айл өрх бүрд нэг сая төгрөгийг дэмжлэг болгож олгох, түүний дотор 200 мянган төгрөгийг бэлнээр өгөх санал санаачилгыг УИХ-аас "унагаж”, Засгийн газар түүнийг нь дэмжсэн байдаг. Үлдсэн 800 мянган төгрөгт үндэсний үйлдвэрлэлийн архи, согтууруулах ундаанаас бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрх /ваучер/ олгох заалт нь УИХ-ын гишүүдэд таалагдсангүй бололтой.
Тэгвэл үүний оронд Монголын нийт өрхөд өвлийн идэш ч гэнэ үү, тусламж ч гэдэгсэн үү, нэг их гоё нэр оноогоод нэг бод /адуу, үхэр, тэмээ/ юм уу, малын хөлийн татвараар боддог байсан хэмжээ /нэг бодыг таван богоор дүйцүүлэн боддог/ -гээр мах олговол яасан юм бэ. Монголчуудын хүнсний гол хэрэглээ махыг боломжоор нь хангачихсан байхад гурил, будаа тэргүүтэй "хольц”-ыг өөрсдөө зохицуулчих байлгүй дээ. Ингэснээр малчин олдохгүй байна гэж гоншигнодог мянгатууд, ахуйгаасаа дэндсэн малтай иргэн, түүхий эдээр гачигддаг гэх үйлдвэрлэгч, дайвар бүтээгдэхүүнийг хаяж орхидог цамаан зантан, даац нь хэтэрсэн бэлчээр эзэмшигч, махны үнэр үгүйлэгдэж, ядарсан хэрэглэгч хэн бүхэнд ашигтай тусах болов уу. Баярлууштай нь, Монголд тураад үхчихсэн иргэн, хөлдөөд мажийсан орон гэргүй хүн байдаггүй нь төрийн зохицуулалт, хайр халамжийн буян биш гэж үү.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
0 сэтгэгдэл