|

Монголын үзэсгэлэнт газрууд: Тайхар чулуу

Монголын үзэсгэлэнт газрууд: Тайхар чулуу

 

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Цэцэрлэг хотоос 22 километрт Хойд Тамир голын захад байдаг. Тайхар чулууны өндөр нь 18 метр бөгөөд боржин чулуунаас бүтсэн цохио юм. Тамирын гол хойд эргийнхээ боржин хошууг олон сая жилийн турш эвдэн элээсээр дундуур нь тасалж энэ цохиог үүсгэжээ.

Тайхар чулуунд Түрэг, Уйгар, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэстний хэлээр бичсэн YII-XYII зууны үеийн 150 гаруй бичээс байдаг боловч он жил өнгөрөх тусам улам бүдгэрч баларч байна. Бичээсийн 70 орчим нь Монгол үсгээр бичсэн байдаг ба XY-XYII зууны үеийн Монголын төрийн зүтгэлтэн Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт хунтайжийн нэрс уншигддаг байна. Мөн 1722 онд Дайчин улсын Энх-Амгалангийн ямар нэгэн бичиг зарлигийг Равдангаар хүргүүлсэн тухай бичээс бий. Тайхар чулуунд бичиг сийлж үлдээсэн хүн нэрээ бичдэг байсны дээр алдар цол, хэний харъяат болохоо тэмдэглэсэн байдаг. Энэ нь орчин үед хүртэл өвлөгдөж " ...МУИС-ийн тэр энэ анги ..” гэх мэтээр нэр хаягаа үлдээсээр л байгаа бөгөөд энэ нь урьд өмнөх цаг үед бичигдэн үлдсэн бичээсүүд бүдэгрэн алга болоход ихээхэн нөлөөлж байгаа билээ.
Тайхар чулуу үүссэн домгоос үзвэл Хангайн гол нурууг баруун тийш давж Заг Байдрагийн гол хүрэх замд нэг уужим хөндий урууддаг байв. Энэ хөндийгөөр аварга могой явж, Эгийн давааны өмнөх гурван ангархай харанхуй хавцал дундуур дайрч Хангайн гол нурууг арлан явсаар Их тамир уруудан Тайхар чулуу байдгийн доор нэг их нүхэнд орчихсон гэнэ. Үүнийг мэдсэн нутгийн нэртэй, бяртай бөх Тайхар гэгч хүн том цохио авчирч таглан олон амьтныг аварсан гэдэг.

0 сэтгэгдэл