|

Архангайн Цагаан даваанд осолдсон өөр нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн хорвоог орхилоо

2020 оны долдугаар сарын 15-ны өдөр. Амралт зугаалгын ид үе байсан учир гэр бүлээрээ аялах аялагчдын машин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутгаар тасрахгүй. Харин аялагчид өөдөөс нь тосч буй аймшигт үхлийн аюулыг огтхон ч гадарлалгүй, инээд хөгжөөн, дуу шуу болсоор Архангай аймгийн Цагаан даваагаар өгсөж байв. Гэвч аз жаргалаар бялхаж байсан тэрхэн мөч нүд ирмэхийн зуур хар дарсан зүүднээс ч долоон дор нөхцөл байдлаар солигдоно гэж тэд яахан санах билээ. Гай газар доороос гэгчээр 300 литр шатахуун тээвэрлэж явсан ачааны машины тоормос эвдрэн шатахуун асгарснаас хүчтэй дэлбэрэлт үүсч олон гэр бүлийн гишүүд харамсалтайгаар амиа алдсан юм.

-ХЭРЭГ ОДООГООС ГУРВАН САРЫН ӨМНӨ БОЛСОН Ч ОСОЛД ӨРТСӨН
ИРГЭД ОДОО Ч ЭЭЛЖЛЭН ХОРВООГ ОРХИСООР БАЙНА-

Энэ хэрэг одоогоос гурван сарын өмнө болсон ч аймшигт осолд нэрвэгдсэн гэр бүлийн гишүүд ар араасаа цувран тэнгэрт одсоор байна. Эдгээрийн дотроос хүмүүст хамгийн их танигдсан нь талийгаач Ж.Банзрагчын гэр бүл. Учир нь тус гэр бүлийн дөрвөн гишүүн ослын дараахан ар араасаа цувран амиа алдацгаасан юм. Хэргийг тодруулбал, тэр үед машины ард талын суудал дээр Ж.Банзрагчын том охин Б.Энэрэл таван настай дүү Б.Ундрахтайгаа, харин урд талын суудалд гэргий О.Цэнгэл нь 10 настай хүү Б.Бадрах, мөн хойно нь дөрвөн сартай бага хүү Б.Тэгшжаргал нь эмээгийнхээ өвөр дээр зорчиж явжээ.

Гэвч шатахуун тээвэрлэж явсан ачааны машины тоормоз гэнэтхэн ажиллахаа больсноор бүх аймшигт зүйл эхэлсэн юм. Ж.Банзрагчын гэр бүлийн 14 настай том охин Б.Энэрэл эхлээд нас барж, дараа нь нөхөр нь өөрөө тэнгэрт одсон бол О.Цэнгэл бүсгүйн ээж болон 10 настай хүү нь тэрхүү ослоос хэдхэн хоногийн дараа мөн шархаа даалгүй нас барцгаасан билээ. О.Цэнгэл бүсгүй хамгийн хайртай дөрвөн хүнээ ийнхүү ар араас нь алдан сэтгэлийн их шаналалд автаж байсан ч ээж, охин хоёр амьдралын төлөө тэмцэхээр БНСУ-ыг зорьж, дөрөвхөн сартай балчир үр нь энд хоцорчээ.

Том охин Б.Энэрэлийн биеийн байдал нь маш хүнд байсан тул Өмнөд Солонгост очсон өдрөө шууд хагалгаанд орсон байна. Охины биеэр халдвар бүрэн тархаж, бөөр орлуулах диализын аппаратад орох болсон бөгөөд нэг уушги нь бүрэн устаж, нөгөө талын уушги нь ч устах магадлалтай байсаар удалгүй мөн хорвоог орхисон юм. Одоо түүнд зөвхөн монголд эмээ, өвөө дээрээ байгаа дөрвөн сартай хүү нь л үлдсэн бөгөөд гагцхүү амьд үлдсэн тэрхүү бяцхан зүрхний төлөө л өөрийн эмчилгээгээ хийлгэж байна.

 

 

-ТАЛИЙГААЧ Ж.БАНЗРАГЧЫН ГЭР БҮЛИЙНХНИЙ ЗОРЧИЖ ЯВСАН
МАШИНЫ ОЙРОЛЦОО БАЙСАН ӨӨР НЭГЭН ГЭР БҮЛИЙН
ДӨРВӨН ГИШҮҮН АМИА АЛДААД БАЙНА-

Тэрхүү аймшигт осол зөвхөн тус гэр бүлийн таван гишүүнийг авч одоод дуусаагүй гэдгийг бид дээр дурдсан. Учир нь аймшигт осол болох үед Цагаан даваа өөд гурван машин, нэг мотоцикль өгсөж явсан байдаг. Талийгаач Ж.Банзрагчын гэр бүлийн сууж явсан машины ойролцоо иргэн Г-ийн гэр бүлийн таван гишүүн "Форестер” маркийн автомашинтай зорчиж явсан бөгөөд ослын үеэр эхнэр болох 50 настай Б, бэр нь болох 25 настай Д нар газар дээрээ амиа алдсан байна.

Үлдсэн гэр бүлийн гишүүд болох 50 настай Г, хүү, охин нартайгаа хамт 80 хувийн түлэгдэлттэй ГССҮТ-д эмчлүүлж байсан ч биеийн байдал нь муудсаар охин нь нас барж мөн гэрийн эзэн болох Г-г өчигдөр өглөө хөдөөлүүлжээ. Талийгаач Г Үндэсний батлан хамгаалахын их сургуульд олон жил багшилсан, хурандаа цолтой хүн байсан байна. Гэвч хэлж ирдэггүй, хийсч ирдэг хорвоогийн хатуу жамаар хоёр гэр бүлийн есөн алтан амь тэнгэрт оджээ.

Тэрхүү осол гарсан өдөр ачааны машины жолооч тоормозоо эвдэрснийг мэдээд аргагүйн эрхэнд машинаа уул руу унагаж, урдаас ирж буй машинууд руу "Битгий, наана чинь бензин асгарчихсан байна, хойшоо ухар” хэмээн орилсоор очжээ. Гэтэл хэн ч түүнийг сонсолгүй, хугацаа алдсаар аймшигт дэлбэрэлт болсон юм. Ослын дараахан жолооч "Сануулж, хэлсээр байхад маш их хэмжээний түлш асгарсан ослын хэсэгт машинтайгаа чихэж орж ирсэн нөхдөөс л боллоо.  Эхний тэрэг зогсоод л урагшаа дайрахгүйгээр арынхаа машинуудад "бензин урсаад байна аа, ухар гэж сануулсан бол ийм аймшигтай осол гарахгүй байсан” хэмээн уйлан ярьжээ.

ТЭДНИЙ СУУЖ ЯВСАН МАШИНЫ АРД ТАЛЫН МАШИН НЬ УХРАХГҮЙ, УРД
ТАЛЫН МАШИН НЬ МӨРГӨӨД ХӨДӨЛГӨӨН ХИЙЛГЭХГҮЙ БАЙСАН ГЭВ

Харин О.Цэнгэл ослын өмнө цонхоор харахад газраар шингэн зүйл асгарчихсан байжээ. Тэрхэн мөчид муу совин татаж, "Буцъя аа, хайр аа” гэж нөхөртөө хэлэв. Талийгаач нөхөр нь жолоогоо эргүүлдгийн даваан дээр урд талын машин таг зогсчихож. Гэтэл яах ийхийн зуургүй тас хар утаа маналзан, гал оволзжээ.

Үүнийг батлах мэт тухайн үед ослын газарт очиж, гэмтсэн хүмүүст тусалсан залуу манай сайтад өгсөн ярилцлагадаа "Тэдний сууж явсан машины ард талын автомашин ухрахгүй, урд талын машин нь мөргөөд хөдөлгөөн хийх боломжгүй болгосон юм билээ. Нөхрийг нь олоход гар нь шатчихсан, "Охиноо алдчихлаа гээд уйлаад, шатсан гарыг тайрдаг юм болов уу, өвдөөд үхлээ” гэх мэт үг хэлээд шоконд орчихсон, ухаан нь орж гараад хэцүүхэн байдалтай байсан" гэсэн юм.

Энэ бүхнээс харахад хэрэв тэнд байсан иргэд жолоочийн анхааруулгыг сонсож, эхнээсээ урагш дайраагүй бол, жаахан ч гэсэн тэвчээртэй, хүлээцтэй хандсан бол, талийгаач машинаа эргүүлэхийг оролдох үед зам тавьж өгсөн бол өнөөдөр тус хоёр гэр бүлийн гишүүд амьд үлдэх ч байсан юм бил үү. Хайртай ээжийгээ, халамжит ханийгаа, энхрий үрсээ ээлж дараалан аймшигт ослоор алдсан хоёр гэр бүлийн явдал дахин нэг ч хүнд бүү тохиолдог.

 
 
iSee.mn

0 сэтгэгдэл