Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2019 онд хийсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны дүнг нэгтгэн, Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хүргээд байна. Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээ өнгөрсөн онд ямар байсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
- Монгол Улсын дулааны цахилгаан станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2019 онд 6.3 тэрбум кВт.ц, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 654 сая кВт.ц, дотоодын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 7.0 тэрбум кВт.ц болж 2018 оны гүйцэтгэлээс 5.4 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх онд ОХУ-аас худалдаж авсан цахилгаан эрчим хүчний хэмжээ 43.6 сая кВт.ц-аар буурч, 372 сая кВт.ц болсон. Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-аас импортолж байгаа цахилгааны хэмжээ өсч, 1343.5 сая кВт.ц болсон. Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 410.7 сая кВт.ц-аар буюу 4.9 хувиар нэмэгдэж 8.7 тэрбум кВт.ц-т хүрлээ. Мөн дулааны хэрэглээ өмнөх оноос 421.4 мян.Гкал буюу 4.3 хувиар нэмэгдэж 10.3 сая Гкал болсон байна.
-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч байгаа юм байна. Өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хэр өссөн бэ?
- Өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд "Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 35 МВт-аар, "ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нийт 43 МВт-аар тус тус нэмэгдүүлсэн, 55 МВт‑ын хүчин чадалтай Сайншандын салхин цахилгаан станц болон Сүмбэр, Бөхөгийн нарны цахилгаан станцууд шинээр ашиглалтад орж нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлыг 158 МВт-аар нэмэгдүүллээ. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудын зардлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, сонирхлыг бий болгох зорилгоор "Урамшуулалт зохицуулалт”-ыг Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд импортын цахилгааны хэмжээ буурч, дотоодын үйлдвэрлэлийг 109 сая кВт.ц-аар нэмэгдүүлж, зөвхөн 2019 онд гэхэд л 11 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг бий болгож чадсан. Эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд болох нүүрсний нэгжид ноогдох зарцуулалтыг бууруулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 7 дулааны цахилгаан станц өнгөрсөн онтой харьцуулахад 53.0 мянган тонн нүүрс бага зарцуулсан байна. Мөн цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулж ажилласан.
-Эрчим хүчний салбар улсын төсөвт багагүй хэмжээний татвар, шимтгэл төлдөг салбар. Өнгөрсөн оны хувьд хичнээн хэмжээний татвар шимтгэл төлсөн бэ? Ер нь улсаас татаас авч байгаа юу?
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн жил ирэх тусам өсч байгаа. Салбарын дүнгээр 2018 онд улсын төсөвт 289.1 тэрбум төгрөг төлж байсан бол 2019 онд 335.0 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тодорхой ажлууд, бодит хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Улсын төсвөөс авдаг татаас буурсан. Харин баруун таван аймгийн хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө доогуур байгаа тул бага хэмжээний татаас авч байгаа.
- Өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний тасалдал хэр их гарсан бэ?Үүнийг танай байгууллагаас хянадаг уу?
- Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тасалдлыг олон улсын хэмжээнд мөрддөг индексүүдийг ашиглан тооцож, улирал бүр судалгаа гаргаж байгаа. Улсын хэмжээнд 2019 онд нэг хэрэглэгчид ноогдох тасалдлын дундаж хугацаа өмнөх оноос 8 цагаар, тасалдлын давтамж өмнөх оноос 60 орчим хувиар буурсан.
-Эрчим хүчний тухай ярихаар яалт ч үгүй эрчим хүчний үнэ тарифын талаарх асуудал хөндөгддөг. Өнөөдөр эрчим хүчний үнэ үйлдвэрлэж, нийлүүлж байгаа бодит өртөгтөө хүрч чадсан уу?
-Эрчим хүчний үнэ тарифыг аль болох тогтвортой байлгах бодлогыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баримталж байгаа. Ялангуяа айл өрхүүдэд борлуулж байгаа эрчим хүчний үнэ хямд, эрчим хүч үйлдвэрлэж байгаа бодит зардалдаа хүрдэггүй. Монгол Улсын эрчим хүчний хангамж нь Төв, Зүүн, Баруун, Алтай-Улиастай гэсэн дөрвөн бүс нутгийн системээс бүрддэг. Тухайлбал, Улаанбаатар хот болон Төв, Зүүн, Өмнөд бүсийн энгийн тоолууртай айл өрхүүд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 31.хувиар доогуур үнээр, 151кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 14.2 хувиар доогуур үнээр худалдан авч байна. Харин хоёр тарифт тоолууртай айл өрхүүд өглөөний 06 цагаас оройн 21 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 25.5 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 57.7 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл айл өрхүүд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 14-58 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэдэг. Энэ хөнгөлөлтөд 660 гаруй мянган өрх хамрагдаж, нэг өрх сард дунджаар 6400 төгрөг, жилд 76 800 төгрөгийн бодит хөнгөлөлт эдэлж байгаа. Зөвхөн 2019 онд гэхэд 660 гаруй мянган өрхөд нийтдээ 79.0 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын улиралд Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын иргэдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувь хөнгөлж, нийт дүнгээр 12.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
-Эрчим хүчний үнэ бодит өртөгтөө хүрдэггүй хямд байгаа гэж танай салбарынхан ярьдаг. Гэтэл хэрэглэгчид байнга л үнэ өндөр байна гэсэн гомдол мэдүүлдэг шүү дээ?
-Би маш энгийнээр тайлбарлая. Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгааны үнэд ямар өртөг зардлууд багтаж байгаа вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Үүнд уурхайн хөрс хуулж нүүрс ухаж гаргах, ачих, дулааны станц хүртэл тээвэрлэх, нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн цахилгаанаа дамжуулах, хэрэглэгчдэд түгээх зардал, эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 16 мянга гаруй ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, бүхий л татвар шимтгэл багтаж байдаг. Хэдийгээр бодит өртөгтөө хүрэхгүй байгаа ч эрчим хүчний үнийг тогтвортой байлгах бодлогыг манай байгууллага баримталж байна.
-Гэвч хэрэглэгчдийн дунд Эрчим хүчний зохицуулах хороо л нэмээд байна гэсэн ойлголт түгээмэл байдаг л даа.
- Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах үүргийг хүлээж байдаг. Мөн энэ хуулийн дагуу эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үнэ тарифыг үйл ажиллагааны зардал бодит өртөгтэй нь уялдуулан хянаж баталдаг. Эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг олон зүйл бий. Тухайлбал, жилээс жилд валютын ханш өсч, үүнийг дагаад шатах, тослох материал, сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдэж байна. Нүүрсний тээврийн үнэ өссөн, хэрэглээний усны үнэ, татвар шимтгэлийн хувь хэмжээ өссөн. Энэ бүх үнийн өсөлт эрчим хүч үйлдвэрлэх бодит зардлыг өсгөж байгаа. Нүүрсний уурхай, эрчим хүчний үйлдвэр компаниудаас үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг манай Хороонд байнга ирүүлдэг.Зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд нүүрсний уурхайнуудаас 42.9 тэрбум, цахилгаан станцуудаас 65.3 тэрбум, бусад компаниудаас 39 тэрбум, нийтдээ 147.2 тэрбум төгрөгөөр үнэ тарифаа нэмэгдүүлэх санал ирсэн. Үйл ажиллагаа нь доголдож болзошгүй,зайлшгүй авч үзэх шаардлагатай саналыг хянаж, хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлж, 2.5 дахин бууруулсан. Мөн шаардлага хангаагүй, үндэслэл нотолгоогүй саналуудыг хүлээж авдаггүй. Товчхон хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хороо бол үнэ тариф нэмдэг биш харин эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг байгууллага.
-Та сая Эрчим хүчний зохицуулах хороо бол хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж хэллээ. Танай хорооноос хэрэглэгчид хандсан өөр ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
-Эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон хэрэглэгч хооронд үүссэн маргаантай асуудлыг хянаж шийдвэрлэдэг. 2019 оны байдлаар 1771 хэрэглэгчийг хамарсан 235 өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хэрэглэгчид болон компаниуд хооронд үүссэн 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн тооцооллыг шалгаж маргааныг шийдвэрлэж, хэрэглэгчдэд 246.8 сая төгрөгийн төлбөрийн буцаалт хийлгэж ажиллаа. Өмнөх жилүүдэд цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг хангах борлуулалтын үйл ажиллагааг ямар нэг зөвшөөрөлгүй хувь хүн болон аж ахуйн нэгжүүд эрхэлж, өөрсдөө дур мэдэн үнэ тариф тогтоодог, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарладаг, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчин, үндэслэлгүй төлбөр хураамж шаардаж иргэдийг хохироож байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос бусад холбогдох байгууллагуудтай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 500 гаруй аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож 140 000 гаруй хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж ажилласан.
-Сэргээгдэх эрчим хүчний үнэ гэж аваад байна. Би сэргээгдэх эрчим хүч хэрэглээгүй гэж гомдол гаргадаг хүмүүс мэр сэр бий. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн 2019 онд эрчим хүчний системд цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 10 сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 18 орчим хувийг сэргээгдэх эх үүсгүүрүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл таны хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна гэсэн үг.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх 2007 онд УИХ-аар батлахдаа сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан, нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авна гэх мэтээр тогтоосон заалт бий. УИХ-аас 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Хуулийн дагуу 2015 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг нэвтрүүлсэн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой. Дэмжих тариф гэдэг хэн нэгнийг дэмжээд, ивээн тэтгээд өгөөд байгаа мөнгө биш. Нар, салхи, усны эх үүсгүүрээр үйлдвэрлэгдэн, нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний төлбөр юм.
-Өнгөрсөн онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнийг өөрчилснөөр эрчим хүчний үнэ тарифт ямар нөлөөлөл үзүүлэх вэ?
-УИХ-аас 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, баталснаар сэргээгдэх эрчим хүчний үнийг өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжүүлж, нэгдсэн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, цахилгааны үнэ тарифын огцом өсөлтийг хязгаарлах боломж бүрдсэн.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: Өдрийн сонин
0 сэтгэгдэл