|

Архангай аймагт горилогчдын хэн нь хэн бэ?

Архангай аймагт горилогчдын хэн нь хэн бэ?

 

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа болоход ердөө хоёр сар гаруй хугацаа үлдлээ. Нам, эвслүүд битүүхэндээ нийгэм, улс төрийн хүрээнд гишүүдийнхээ прогнозыг тодорхойлж нэр дэвшигчдээ тодруулж уяа сойлгыг нь тааруулах их ажлыг хэдийнээ эхлүүлээд буй. Бие даагчид ч магадлал бүхий өрсөлдөгчдөө судалж, өөрийн давуу талаа тодорхойлж, эсрэг талынхаа сул талд нь цохилт хийх бэлтгэлээ базааж буй нь лавтай.

Тухайлбал, Архангай аймагт 2016 оны сонгуулиар МАН-ын залуу төлөөлөл хүч түрэн орж ирснээр хэсэгтээ цэнхэртэж явсан тус тойргийн өнгө солигдсон. Улайсан тойргийн залуу гишүүд өнгөрсөн хугацаанд үүрэгт ажилдаа хэр улайрч хэрхэн үр дүнтэй ажиллав гэдэгт Архангайчууд ч хэдийнээ дүн тавьсан биз ээ.

Энэ удаагийн сонгуульд мөн Архангай аймагт залуусын ширүүн өрсөлдөөн өрнөхөөр дүр зурагтай байна. Гэхдээ тэдний хэн нь хэн бэ гэдгийг хэний хүн бэ гэхээс илүүтэй хэнд ашигтай ямар ажил амжуулснаар нь товч тодорхойлоод үзье.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

Түүхч археологич-антропологич мэргэжилтэй тэрбээр 2002 онд их сургуулиа төгсөөд тэр жилдээ магистрантурт сурахын сацуу шууд л Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж эхэлсэн байдаг. МАХН-ындарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Шадар туслахаар нь хүртэл ажиллаж, дараа ньХХААХҮ-ийн сайдад зөвлөж, найман жил аймгаа засаглаж байгаад өнгөрсөн сонгуулиар УИХ-ынгишүүнээр сонгогдож, Байнгын хороог хүртэл даргалж, өдгөө давхар дээл нөмрөн Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй нэгэн.

Тэрээр МАН-аас нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Тэрээр Улс төр судлаач, багш мэргэжилтэй ч, нөгөө талаараа бас уран бүтээлч хүн. Тэр ч утгаараа улс төрийн индэрт жүжиг тоглочих гээд байдаг дутагдалтай.

Яруунайрагч гэх тодотголтой ЗГХЭГ-ындарга асан УИХ-ынгишүүн Ж.Мөнхбат 2002 оноос тэр үеийн УИХ-ын даргын ивээлд багтаж улс төрчийн замналаа эхлүүлсэн. Түүнийг анх бусдын ятгалга, сэтгэлийн хөөрлөөр МАХН-д элссэн байх гэлцдэг юм билээ. Хоёр ч удаа УИХ-д нэр дэвшсэн тэрбээр 2016 онд сонгогдож, 2019 оны эхээр ЗГХЭГ-ындаргын үүрэгт ажлаа Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Түүнийг хуурамч намтартай гэх хүн ч байдаг.

Нэг ч компанийн хувь эзэмшдэггүй, хувийн бизнесгүй гэх Ж.Мөнхбат гишүүн 3 тэрбумын байр, концесс, ЖДҮ гээд олон асуудлаар олноос банга хүртээд авсан. Бас хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гээд асуудалд орсон. ЖДҮ-чдэд шүүмжлэлтэй хандсанаас болж түүний хөрөнгийн асуудал сөхөгдсөн гэж өөрөө тайлбарласан юм. Гэтэл түүний ЖДҮХС-гийн зээлийн асуудал бүтээгүй гэж Б.Батзориг гишүүн хэлчихсэн байдаг.

Ж.Мөнхбат гишүүн бол намынхнаа хайр найргүй пялж суудаг хүн. Үүнийг нь таалах хэсэг нь байхад тааламжгүй ханддаг хүмүүс ч бий. Хэлсэн үг нь байгаа онох нь олонтаа ч заримдаа хэтрүүлчих гээд байдаг гэмтэй. Харин У.Хүрэлсүхсайд түүний "баялаг түүхийг” маш сайн мэднэ гэдгээ хэлж дүүгээ хальт сүрдүүлээд өнгөрч байсан удаатай.

Гэхдээ эрхэм түшээ тойрогтоо ч, кинондоо ч улсын хөрөнгөөс гамгүй хөрөнгө авч чаддаг гэлцдэг.

Давхар дээлийг хамгийн их үзэн ядаж явсан хүн бол Ж.Мөнхбат. Даан ч дараа нь даарсан уу яасан, давхарлаад тухласан үе түүнд бас бий.

Ямартай ч түүний нэр МАН-аас нэр дэвших 20 хүний тоонд багтсан гэнэ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Олон улсын харилцааны мэргэжилтэй тэрбээр агентлагаас ажлын гараагаа эхэлжээ. Гэхдээ л түүний хувьд аавынхаа буянаар өлсөж, цангажч үзээгүй болохоор зүдэрсэн ардын зовлонг ойлгож, тэдний төлөөлөл болно гэдэг нь үнэмшил муутайхан сонсогддог ч сонгогчид найдсан аж. Баян эцгийн бяр түүний ажил, амьдралд нөлөөгөө үзүүлж, хар залуугаасаа л төрийн өмчит уул уурхайн компаниудыг удирдаж, улмаар 2014 оноос уул уурхайн салбарын дэд сайд болсон бөгөөд өнгөрсөн сонгуулиар УИХ-ынгишүүн болсон юм.

Түүний хувьд залуу хүн гэхэд харьцангуй төлөв, чуулган дээр цөөн дуугардаг, тэр хэрээрээ асуудалд өртөөд байдаггүй нэгэн гэж хэлж болно. Гэвч "оффшорчин” Ч.Ганзоригийн хүү гэдэг нэр түүнийг байнга л дагадаг. Дээрээс нь бас л ЖДҮ-чдийн эгнээнд бүл нэмээд амжчихсан нэгэн. Тэрээр энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй бол бие дааж дэвшинэ хэмээн ойрын эх сурвалж мэдээлэв. Учир нь намын дарга ЖДҮ-тэй холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй хэмээн ам алдсан.

Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун:

МАН-ын хатуухан самруудтай өрсөлдөхөөр зориглосон нэгэн бол Э.Болорчулуун. Тэрээр нийслэлийн газрын албыг удирдаж байхдаа багагүй ажлыг эмхэлж цэгцэнд нь оруулж амжжээ. Гэвч нийтийн эрх ашгийн үүднээс хийж байсан энэ шаргуу шударга хөдөлмөр нь зарим нэр нөлөөтэй хэсэг бүлэгт таалагдаагүй, улмаар тэдэнд хохирол учруулж эхэлсэн учраас түүнийг суудлаас нь "зайлуулсан” гэдэг. Уг нь нийтийн төлөө төрийн төмөр нүүрийг харуулахаа шулуухан хэлээд, хэлснээ хийчихдэг ийм хүн өнөө цагийн манай нийслэлд яг тохирч байгаа юм гэлцэж алга ташиж байсан юм.

Нийслэл гэдэг бол нэгэн өрх бүл. Тэр айлыг өөдтэй өнгөтэй байлгахын тулд элдэв нөлөөнд авталгүй сайн ажиллаж чадсан гэдэг утгаараа тэрээр энэ удаад улс орныхоо их цэвэрлэгээнд гар бие оролцохоор ийнхүү аль нэг намын харьяаллаар бус бие даан нэр дэвшихээр сэтгэл, зориг зүрх шулуудсан бололтой.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан:

Буянгийн Жагаа буюу БНН-ын дарга Б.Жаргалсайханы үг хатуу ч, үнэний ортой гэдэгтэй хэн ч маргахгүй. Сансарын физикч мэргэжилтэй, анхны саятан гэх тодотголтой тэрбээр 2004 оноос УИХ-ынгишүүн болж байжээ. Шударга бусын эсрэг хэлж буй үгийн утга агуулга нь зөв ч, оноож хэлэх үг, үйлдэл нь буруутаад байдаг талтай.

Түүний хувьд БНН-ыг байгуулахаасаа өмнө АН-ын тогоонд багтаж явсан нэгэн. Харин нам байгуулснаасаа хойш улс төрд амжилт үзүүлсэн нь үгүй. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аасхүртэл нэр дэвшиж үзээд ч амжилтыг үл олов. Ер нь Төрийн тэргүүний суудалд хэд хэдэн удаа горилсон байдаг юм.

Тэрбээр УИХ-д олонхын суудал авч, эрх барихыг хүсдэгээ хэзээ ч, хэнээс ч нуулгүй ил цагаан хэлсээр ирсэн. "Манай намд энэ 65 суудлаа өгөөд үз” гэдэг ч сонгогчид түүний хүслийг гүйцэлдүүлэхийг яагаад ч юм хүсдэггүй.

Гандан бууршгүй Б.Жаргалсайхан тэгвэл энэ удаад Архангайчуудад итгэл хүлээлгэж үзэхээр шийдсэн сурагтай байна.

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг:

АН-ын гишүүн, Бриджийн гэх тодотголтой Д.Ганхуяг УИХ-д БЗД-ээс гурвантаа сонгогдож байсан ч сонгогдсон цагаасаа эхлээд сонгогчдоо мартдаг гэмтэй гэнэ. Тиймээс ч өнгөрөгч сонгуулиар гомдсон Баянзүрхчүүдийнхээ нүүрийг харах эрхгүй болсон тэрбээр орон нутгийг зорьж унасан.

Монгол-Японы Парламентын бүлгийн даргын албыгчамгүй олон жил хашиж байсан түүнийг янз бүрийн хардлага дагадаг юм билээ. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж тэргүүн эгнээнд явсан хүн сайдын сэнтийд залраад амаа үдүүлсэн гэх нь ч бий.

Харин өнгөрсөн сонгуулиас хойш түүний чимээ сураг намжим. Охин нь олон нийтэд хар тамхины хэрэгтэй холбоотой ноцтой мэдээлэл цацаж, нийгэмд багагүй шуугиан тарьж амжсаныг эс тооцвол хэвлэлээр тэр болгон үзэгдсэнгүй. Гэхдээ өнгөрсөн амралтын байдалтай өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Д.Ганхуягюу эсийг амжуулаа билээ. Энэ сонгууль түүний бэлтгэлийн үр дүнг харуулах буй за.

Ийнхүү энэ жил Архангай аймагт хууччуул гэхээсээ илүү залуу боловсон хүчнүүдийн өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна. Харин тэд юу амлаж, өөрсдийн нэрийг хэрхэн мандуулахыг Архангайчууд анхааралтай хүлээж байна.

ТӨР.мн

Я.Хулан

0 сэтгэгдэл