|

Сэтгүүлч Б.Ганчимэг: Манай хошин урлагийнхан утга учиргүй хашгираан болж дуусчээ

... Тэдгээр комедиан залуус бол үзэл санаа тээгчид юм
Гэтэл манай урлагт үзэл санаа тээгчид байхгүй болсон шүү дээ...

Тухай; Хошин урлагийнхан дүгнэлт хийж байгаа байлгүй дээ. Ер нь "Х түц"-ийн хүргэсэн шатан дээр зогссон. Үргэлжлүүлж аль ч продакшн бүтээлийн төвшний ажил хийгээгүй. Одоо санаа,зохиол, найруулга, ур чадвар гэх бүх ойлголтууд дээр шинэ эргэлт хийхгүй бол явахгүй болжээ. Хошин урлагт сүүлийн жилүүдэд Дүр гэх ойлголт бүр байхгүй болсон. Сосорбарам, Цэрэнпагма нарын сурвалжлагч, саальчин Хонгорзул шиг дүр хаана байна. Дэмидбаатарын хадам эх, Цэрэндарьзав гуайн сайдын охин шиг дүр үзэгдэхээ больсон. Зүгээр л утсаар ярьдаг дүр шүү дээ. Нэг дор гурван өөр мөн чанартай охины дүрийг амьдруулж байгаа юм. Мэргэжлийн ур чадвар гэж тэр л дээ.

Өнөөгийн хошин урлагийнхан эр нь эмэгтэй хүн болж тоглох, муу тааруухан дүр нь хөдөөний хүн, хөгшин хүн байх, за тэгээд бүх эрэгтэй жүжигчид нь нэг ядарсан эмээгийн, үр хүүхэддээ гомдсон хөгшин эхийн дүр л бодож олдог. Яахаараа ээж болгон тийм ядруу төгсөх ч ёстой юм...Гол нь хоорондоо зарчмын ямар ч ялгаагүй, ижилхэн эмээ нар байх нь ёстой гуниг санагддаг. Яагаад өвгөдийн дүрээ барьж авдаггүй юм. Бардаггүй юм уу, эсвэл хүйсээр дарангуйлах гэдэг бүр нэг шившгийн дорд үзэлдээ идэгдсэнийх үү?

Үнэхээр гайхмаар санагддаг.

Сэдвийн хүрээ ингэсхийгээд л дуусна. Хөдөөний хүн шоолж, хөгшин хүн элэглэх төдийхнөөр шүү. Орчин цагт "хөдөөний хүн” ч гэж байхгүй болсон. Хөгшчүүд ч тэдний үзүүлдэг шиг биш. Өөр зууны, өөр хөгшид шүү дээ...
Манай хошин урлагийнхан ийнхүү утга учиргүй хашгираан болж дуусчээ. Муу юмыг чанга хашгираан өөд нь татахгүй л дээ. Өөр нэг шалтгааныг нь би энэ урлаг найруулагчгүй болсонтой холбож хардаг. Найруулагч бол хэн дуртайгийн авирч гараад суучихдаг сэнтий биш. Энэ бол маш том мэргэжил, маш том эрэмбэ, маш том авьяас, маш том мэдрэмж, маш том характер, маш том хөдөлмөрийн цогц...

Найруулагч бол хаан.

Манай жүжигчид нэг жаахан нэрд гараад, гавьяат энэ тэр болонгуутаа өөрөө найруулах гээд гүйчихдэг. Уучлаарай, ёстой ичдэг шүү. Та ямар эрхтэй юм. Хэн, хаанаас өгөв. Ямар их сургууль олгов. Жүжигчин болж ч амжаагүй байж та юу хийгээд явнаа...

Өөр нэг зүйл; манай жүжигчид жаахан нас нэмэнгүүтээ найруулагч болох эрхтэй гээд хадуурчих юм. Наад нас чинь бүр ч хамаагүй шүү. 

0 сэтгэгдэл