|

Улсаасаа том Сангийн сайд байж болох уу?

 Дэлхий нийтийг хамарсан тахлаас шалтгаалан эдийн засаг хавтгайдаа уналтад орж, улс орнууд урт, богино хугацааны бодлогын шийдвэр гаргаж, зохих арга хэмжээ авч эхэлсэн. Харин Монголд төсөв, санхүүгийн талаар цаг үеийн шийдэл гаргах нь бүү хэл, дорвитой үг хэлчих улс төрч, албан тушаалтан алга. Эдийн засгийн уналт аль эрт эхлээд, макро микро түвшинд илт ажиглагдсаар атал төсөвт тодотгол хийх бодит шаардлагыг Сангийн сайд үл тоосоор байна. Уг нь ийм үед УИХ нь ээлжит бусаар яаралтай чуулаад, Сангийн сайд нь санаачилгаар төсвийн тодотголыг оруулж ирэх ёстой.

Манай төсвийн орлогын гол бүрдүүлэгч зэсийн үнэ олон улсын түүхий эдийн зах дээр өдөр ирэх бүр унасаар одоо бүр 4860 ам.доллар руу ороод ирлээ. Энэ нь ганцхан шөнийн дотор л гэхэд 6-7 хувь буюу 300 гаруй доллараар буурч байгаа үзэгдэл. Гэтэл бид төсөвтөө зэсийн үнийг 6000 орчим ам.доллар байхаар тооцчихсон байдаг. Тэгвэл маш богино хугацаанд 1000 ам.доллараар буурч байгаа, цаашид ч улам унахаар байгаа энэ эрсдэлийг яах вэ?

     Зөвхөн зэс төдийгүй нүүрсний экспорт тасарснаас үүдэлтэй алдагдал, дээр нь үнийн уналт үргэлжилсээр байгаа байдал ч манайд хүндрэл учруулж байна. Өөр ч олон хүчин зүйл бий. Тэр бүгдийг нурших нь илүүц юм. Хэрэв бид ийм алгуур байсаар байвал, олон улсад цар тахлын эрсдэл буурахгүй бол бид дотооддоо яаж ч хичээгээд эдийн засаг сэргэхгүй гэдэг нь тодорхой. Уул уурхайн экспортоос шууд хамааралтай манай эдийн засаг хямраад зогсохгүй хүнд уналтад орох аюул ч ойрхон байна. Гэр бүл, хувийн бизнесийн орлого бодитоор тасалдсаны дээр төрийн алба хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрвэл санхүүгийн хямрал-улс төрийн хямрал-нийгмийн хямралын гинжин хэлхээ хөвөрч эхлэх аюултай. Тиймээс одоо төсвөө яаралтай тодотгож, амин чухал бус зардлуудаа танах, өнгийг нь хувиргаж, сонгуульд бэлдсэн мөнгөнөөсөө түр татгалзах цаг болжээ.


     Урьд нь сонгуулийн жил их хэмжээний бэлэн мөнгө амлах, тараах замаар төсвөө алж, тодотгол хийж, төлөвлөөгүй зардал чирэгдэл гаргасаар ирсэн. Чухам ийм шалтгаанаар эдийн засагч, хэвлэл мэдээллийнхэн "сонгуулийн жил төсвийн тодотгол хийж болохгүй” гэж шүүмжилдэг байв. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдүгээрт, олны зөвлөгөө дагадаг, түмний төлөө ажилладаг дүр эсгэх гээд, хоёрдугаарт, хорон чанартай, ач холбогдолгүй буюу тойргууд руу чиглэсэн амлалтын төсвүүдээ хадгалж үлдэх гээд "чичрээд” байх шиг байна. Үнэн хэрэгтээ үүссэн нөхцөл байдал бол төсөв тодотгохоор барах уу онцгой горим журамд шилжих шаардлагатай болчихсон.

Өнөөдөр иргэд, ААН-ийн хэрэглээний зээлийг гуравхан сараар хойшлуулах нь Сангийн сайдын шийдэх, мэдээлэх асуудал бус арилжааны банкуудын хэрэг шүү дээ, чухамдаа. Харин Сангийн сайд төсвөө эрүүлжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжиж, иргэдийн орлогыг тасалдуулахгүй байхын төлөө ажилламаар байна. Ядаж л эхний ээлжинд ахмадын өргөө, соёлын төв, иргэний танхим, үзвэр театрын байшин,  хөдөө тал дээрх хөшөө дурсгал гэх мэт амин чухал бус зүйлд зориулах гээд байгаа зуу, зуун тэрбумаа танаж, түр хойшлуулж яагаад болохгүй байна аа.

Үүний оронд жижиг дунд бизнесүүдээ дэмжих, эдийн засгийн эргэлтийг тасалдуулахгүй байх, эмнэлгийн тоог нэмэх, үйлчилгээ, тоног төхөөрөмжийг сайжруулж, эгзэгтэй үеийг айдасгүй даван туулмаар байна. Үгүй ядаж донор орнуудын бариад бэлэн болгоод бэлэглэсэн ганц эмнэлгийнхээ төсвийг нь таслахгүй аваад явчих чадалтай, бусдын өмнө улайхгүй нүүртэй баймаар сан. Галын шугамд гар нүцгэн шахуу ажилладаг онцгой байдал, цагдаагийн ажилчид, эмч сувилагч нараа иж бүрэн багаж, хувцас, хэрэгслээр нь хангаад иргэдийн аюулгүй байдлын төлөө итгэл дүүрэн ажилладаг болгочихмоор. Тав арван цаасаар цалин хөлсийг нь нэмчихмээр... гээд нэн шаардлагатай ажил бишгүй их байна. Энэ бүгд чинь эцэстээ нэг хэсэг хүний нийгмийн асуудлыг шийдэх төдий бус нийт улсын аюулгүй орших, амар жимэр байх, эрсдэлийг хохирол багатай давах, эргэж сэргэх чадамжтай байх тухай асуудал.


     Харамсалтай нь, манайд байдал эсрэгээрээ байна. Улс оронд онцгой нөхцөл үүсч эдийн засаг богино хугацаанд бүү хэл, урт хугацаанд сэргэх эсэх нь эргэлзээтэй болж, бодит хямрал нүүрлэчихээд байхад УИХ нь ээлжит бусаар чуулдаггүй. Асуудалд ач холбогдол өгдөггүй. Ерөнхий сайд нь нэг бол ор сураггүй болдог, эсвэл ойр зуурын хов жив, улс төр л ярьдаг. Төсөв санхүүгийн талаар түргэн шуурхай арга хэмжээ авдаггүй. Ерөнхийлөгч нь баяр ёслолын мэндчилгээ дэвшүүлэхээс хэтэрдэггүй. Улс орныхоо төлөө цаг үеийн шуурхай шийдвэр гаргаж, төрийн институцүүддээ үүрэг чиглэл өгдөггүй. Улсаасаа том Сангийн сайдтай, учраа мэдэхгүй Ерөнхий сайдтай  хямралын үеийг яаж даван туулах вэ, бид.

Д.Үлэмж

Эх сурвалж: ZUV.MN



0 сэтгэгдэл